Улсын Ерөнхий прокурорын газраас "Прокурорын байгууллагын 2016 оны эхний 9 сарын байдлаар хийсэн ажил"-ын талаар хэвлэлийн хурал зарлаж, Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат мэдээлэл хийлээ.
Прокурорын байгууллага 2016 оны III улирлын байдлаар Анхан шатны шүүхээр 4284, Давж заалдах шатны шүүхээр 1005, Хяналтын шатны шүүхээр 205 хэргийг хянан хэлэлцэж, 3448 хэргийн 5064 хүнийг гэм буруутайд тооцож ял оногдуулж, 21 шүүгдэгчид холбогдох 17 хэргийг бүхэлд нь цагаатгаж, 901 хэргийг шүүхээс нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна. Шүүхээс 5064 хүнд эрүүгийн ял шийтгэл оногдуулснаас 2948 хүнд хорих ял, 2116 хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулжээ.
Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбогдох асуудлыг АТГ-аас судалж байгаа. Одоогоор гомдол мэдүүлэлтийн төвшинд шалгалтын ажиллагаа явж байна. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа. Хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ерөнхийдөө дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ. Хөгжлийн банктай холбоотой хэргээр 4-5 хүнийг шалгаж байна. Хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд байна. Н.Мөнхбатыг аравдугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр татаж, цагдан хорьсон" гэсэн юм.