Домог ярианаас сийрүүлвэл: Сайн ноён ханы нутагт "Гоолингоо" хэмээх үзэсгэлэнт бүсгүй нэгэн залуутай хайр сэтгэлийн холбоотой байсан боловч түүнийг хүрээний нэгэн ноён богтолж авжээ. Түүний хайртай залуу Гоолингоог санан мөрөөсөж бие тэнхээ нь доройтон байхад түүнийг хувилгаан хүний дүр хэмээн хүрээнд залсан байна. Гоолингоо хүрээнд байхдаа амрагаа санан суухдаа хувраг болон ирсэнийг нь мэджээ. Энэ үеэр бас нэгэн дотоод явдлын яамны чекист Гоолингоод дурлаад ноёныг хэрэгт унаган түүнийг өөрийн болгохыг хүссэн байдаг. Ноёныг хэрэгт унагасныхаа дараа нь хуврагт үнэнхүү сэтгэлтэй болохыг нь мэдээд хуврагыг ч бас гянданд хорьжээ. Бүхний эцэст өөрийн болгож авна гэж бодсон боловч бүсгүйн чин сэтгэл бас хайрын мөн чанарыг мэдрээд хувраг болон Гоолингоог гяндангаас оргуулсан гэдэг. Харамсалтай нь Гоолингоо хайртай хүнтэйгээ хамт удаан байж чадсангүй хамтдаа нас барсан нь дуундаа тэмдэглэгдсэн байна. Тухайн үед арын ууланд цайрсхийгээд байдаг хоёр цагаан юмыг хүнээс сураглахаар түүний тухай хүмүүс ярьдаггүй цэрвэдэг байжээ. Энэ нь хайрынхаа төлөө хамтдаа нас барсан хос залуугаас үлдсэн зүйл байсан бололтой. Одоо энэ хайрын тухай дуу л үлдэж эгшиглэсэн хэвээр...
Гоолингоо дууны үг
Зүүд ээ нойрны минь дотроосоо
Зүрхний минь Гоолингоо нь
Үзэгдээд л байхымаа ай
Зүйчлэн хэлсэн үг нь хө
Миний маань цээжинд нь
Хадаастайхан байхымаа
Арван түмэн адуун сүрэг нь
Арынхаа нь ууланд нь
Алагласхийгээд байхымаа
Амраг Гоолингоогийн алтан хүрээ нь хө
Арынхаа ууланд нь
Цайрсхийгээд байхымаа