11.04

”Авьяаслаг монголчууд”-ын оролцогч нугараач, хийлч

"Авьяаслаг монголчууд" шоуны оролцогч Б.Золбоо эхний шатанд хийлийн аялгуугаар үзэгч, шүүгч нарын сонорыг мялаасан. Тэрбээр хоёрдугаар шатандаа нугарангаа хийл тоглоно хэмээн амлаад байгаа юм. Б.Золбоо энэ тухайд "Хийл хөгжмийг хоёр гараараа тоглодог. Тийм болохоор нугарч байхдаа тоглоход тийм ч олон байдлаар тоглож болдоггүй. Зөвхөн хоёр гар сул байгаа байрлалд хийл хөгжмөө тоглож болдог. Ер нь намайг таньдаг бүх хүн нугарч байхдаа хийлээ тоглооч гэдэг саналыг тавьдаг байсан. 2010 онд анх хийлтэй нугаралтын номероо гаргаад нэг их хүнд хүргэж чадаагүй. Учир нь сургуулиа төгсөхийн тулд хэсэг хугацаанд нугаралтаа түр орхисон. Тэгээд үргэлжлүүлээд нөхөртэйгөө танилцаж, хүүхдүүдээ төрүүлж гэр бүлийн амьдралдаа анхаарлаа хандуулсан. Одоо л хүүхдүүд минь хөлд орж, надад бэлтгэл хийх зав гарч байна. Долоо хоногтоо 3-4 өдрийг уран нугаралтаар хичээллэж, бэлтгэлээ хийдэг. Харин ажлын таван өдөр хийлээ дарж ажлаа хийдэг" хэмээн ярьжээ.