11.07

Эрчүүдийг ялгаварлан гадуурхахтай тэмцэх цаг болжээ

– Их, дээд сургууль, коллеж төгсөгчдийн 37.9 хувь нь л эрэгтэйчүүд –

Маргааш арваннэгдүгээр сарын 5. Дэлхийн эрэгтэйчүүдийн өдөр. 2000 онд ЗХУ-ын анхны Ерөнхийлөгч Михаил Горбачёвын санаачилгаар эрчүүдийг ялгавар­лан гадуурхахтай тэмцэх зорилгоор жил бүрийн арваннэгдүгээр сарын эхний бямба гарагийг Дэлхийн эрэгтэйчүүдийн өдөр болгон зарлажээ. Горбачёвын санаачилгыг Вена хотын захиргаа, НҮБ-ын Вена дахь салбар болон олон улсын зарим байгууллага дэмжиж, дэлхийн цөөнгүй оронд Дэлхийн эрэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэх болсон ч албан ёсоор баталгаажуулаагүй баяр юм. Манай улсын хувьд энэ баярыг тэмдэглэдэггүй. Харин Монголын эрэгтэйчүүдийн холбооноос 2005 оноос хойш жил бүрийн наймдугаар сарын 8-ныг Аавуудын баяр болгон тэмдэглэсээр ирсэн юм.
Сонирхолтой нь энэ сарын 19-нд ч Олон улсын эрэгтэйчүүдийн баяр болдог. Энэ өдрийг Тринидад ба Тобаго улс анх 1999 онд тэмдэглэж эхэлснээс хойш Их Британи, АНУ, Ямайк, Австрали, Энэтхэг, Сингапур, Мальта, Өмнөд Африк зэрэг орнуудад тэмдэглэдэг болжээ. Албан ёсоор тэмдэглэдэггүй ч эрчүүдтэй холбоотой олон улсын хэмжээний ийм хоёр ч баяр энэ сард тохиодог юм байна. Харин манайд Аавуудын баярыг багахан хүрээнд тэмдэглэдэг болохоос Монгол Улсын нийт хүн амын 49 хувийг хамардаг эрчүүд, аавууддаа, хөвгүүддээ анхаарал тавьж, бүтэн нэг өдрийг тэднийхээ асуудалд анхаардаг бил үү. Эмэгтэйчүүд, эхчүүдийн адил эрэгтэйчүүд ч гэсэн өөрсдийн гэсэн асуудалтай, зовлон шаналалтай. Манай улсын хүн амын дундаж наслалт 69.6 жил. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.5 бол эрчүүдийнх ердөө 65.9 байдаг гэсэн судалгааг 2015 онд гаргажээ. Эмэгтэйчүүдээсээ дунджаар 9.6 жилээр богино насалдаг гэсэн үг.
Үүнээс гадна цаг бусаар хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа хүмүүсийн 80, мэргэжлээр шалтгаалах өвчнөөр өвчлөгсдийн 90, амиа хорлогсдын 60 хувь, нас барагсдын 62.2 хувь нь эрэгтэйчүүд байна гэсэн судалгаа ч бий. Тэгэхээр эрчүүдээ хайрлаж, хүндэлж, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж, анхаарах зайлшгүй шаардлагатай гэсэн үг байгаа биз. Монголчуудын дунд охин нь л болж байвал хүү яах вэ гэсэн хандлага байдаг. Эмэгтэй хүүхэд сэтгэл зүй, бие махбодын хувьд сул дорой, хэн нэгнээс хамааралтай байх магадлалтай учраас тэдэндээ боловсрол эзэмшүүлэхийг чухалчилдаг. Харин хөвгүүдийг чадалтай, хүчтэй учраас юу ч хийгээд явчихаж дөнгөнө хэмээгээд дунд сургууль төгсгөөд л гаргах хандлагатай байдаг. Энэ бол яах аргагүй эрэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхаж байгаагийн нэг хэлбэр юм. 2015 оны статистикийн судалгаанаас үзэхэд дотоодын их, дээд сургууль, коллеж төгсөгчдийн 37.9 хувь нь эрэгтэйчүүд байна. Харин үлдсэн 62.1 хувь нь эмэгтэйчүүд гээд тооцохоор эцэг эхчүүд хөвгүүдээ ялгадгийн илрэл гэж хэлж болохоор.
Боловсрол мэдлэгээс гадна олон зүйлд эрчүүдийг орхигдуулж ханддагаас болж тэдний гэмт хэрэгт өртөх нь ч ихэсдэгийг дараах жишээнээс харж болно. 2015 оны байдлаар нийт 24857 хүн гэмт хэрэгт холбогдсоны 21075 буюу 84.8 хувь эрчүүд байна. Мөн шүүхээр 7696 хүн ял шийтгүүлсний 7032 нь буюу 91.4 хувь нь эрэгтэйчүүд байна гэсэн харамсалтай тоо гарчээ.
Гэр бүлийн ноён нуруу, өмөг түшиг, улс орныхоо тулах багана болсон эрчүүддээ эмэгтэйчүүдээс дутахгүй анхаарч, тэдний нэр хүнд, үүрэг хариуцлага үнэлэмжийг дээшлүүлэхэд анхаарал тавих цаг болжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН