Нийслэлчүүдийн нийтийн тээврийн хэрэгцээг бүрэн хангахад ойролцоогоор 2500 автобус хэрэгтэй гэсэн судалгаа байдаг. Харин 900 орчим автобус иргэдэд тогтмол үйлчилж байгаа юм. Нийтийн тээврийн үйлчилгээг “ухаалаг” системд шилжүүлснээр иргэд автобусаар хэзээ зорчих, төлбөр тооцоо ямар байх вэ гэх бүх мэдээллээ авахаас гадна халаасны хулгайгүй, соёлтой үйлчилгээтэй нийтийн тээврээр үйлчлүүлэх давуу талтай аж. Үүнээс гадна тухайн автобусаар өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, оюутан, хүүхэд, энгийн иргэн тус бүр хэд үйлчлүүлснийг мэдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, автобус компаниуд шилэн данстай боллоо гэж ойлгож болох юм. Тэгвэл өчигдрөөс эхлэн нийслэлийн иргэд “Ухаалаг автобус”-аар үйлчлүүлж эхэллээ. Иргэдэд “Ухаалаг” тээврийн үйлчилгээ үзүүлэхээр 20 автобус, 10 троллейбусыг “ухаалагжуулан”, тоног төхөөрөмжийг нь суурилуулжээ. Энэ талаарх иргэдийн сэтгэгдлийг сонсов. “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболор: “Автобус” компанийн орлого шилэн боллоо
-Автобусанд тоног төхөөрөмж суулгаж, суурилуулах явцад нэлээдгүй бэрхшээл гарсан. Манай оронд явж буй автобусууд дөрвөн орны өөр өөр стандарттай бөгөөд ихэвчлэн он хуучин. Тиймээс цаг агаарын байдлаас хамаарч ихэнх жолооч нь кабинтай байдаг. Тэр кабиныг нь буулгаж, шинээр багана нэмэх, цахилгааны эх үүсвэрийг нэмэхээс эхлээд нэмэлт ажлыг хийсэн. Хамгийн гол нь “Автобус” компанийн орлого шилэн боллоо. Ерөнхийдөө өндөр настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй, хүүхэд, энгийн гэсэн таван цахим картыг энэхүү төхөөрөмж уншина. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн ахлагч Ц.Батхүү: Цахим картаа хаяж үрэгдүүлсэн тохиолдолд дахин шинээр авахдаа мөнгө төлөхгүй
-Манай орны нийтийн тээвэрт суурилуулсны дараа ирэх есдүгээр сараас Сөүл хотын нийтийн тээвэрт суурилуулах цоо шинэ тоног төхөөрөмж юм. Бид өдөрт хэчнээн хүн нийтийн тээврээр үйлчлүүлдэг вэ гэдэг бодитой мэдээллийг өнгөрсөн 25 жилд гаргаж чадаагүй. Харин одоо мэдэх боломжтой болов. “Ухаалаг автобус” төсөл нь нийтийн тээврийн салбарт хийж буй шинэчлэлийн эхний ажил юм. Картын үнийг одоогоор тогтоогоогүй. Үүнийг нийслэлийн Тээврийн газар, Засаг даргын Тамгын газартай зөвлөлдөж, тогтооно. Цахим картаа хаяж үрэгдүүлсэн тохиолдолд картынхаа дугаарыг хаалгаад дахин шинээр авахдаа мөнгө төлөхгүй. Мөн гэр бүлийн хоёр дундаа нэг карт ашиглаж болно. Эхний хүн уншуулаад хэсэг хормын дараа дахин уншуулах боломжтой. 2013 онд НИТХ-аар нийслэлд шинээр автобус оруулж ирэх төслийг ярилцаад, 20 тэрбум төгрөг баталсан. Автобусууд ирэх долдугаар сарын 1-нээс өмнө ирэх юм. Энэхүү төхөөрөмж нь хасах 45 хэмд тэсвэртэй. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Автобус I” компанийн дарга С.Ононбаяр: Туулайчлахгүй болж байгаа нь маш их таалагдсан
Өндөр настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэ карт нь ямар нэгэн чирэгдэл учруулахгүйгээр очино. Хүмүүс янз янзаар л ярьж байна. Тухайн иргэн өөрийн картыг дамжуулж болох юм. Дамжуулж хэрэглэх нь нэг их чухал биш. Харин туулайчлахгүй болж байгаа нь маш их таалагдсан. Ер нь төрийн өмчит аж ахуйн нэгж хүнд нөхцөлд байна шүү дээ. Бид 500 төгрөгөөр яваад, 400 төгрөгийн нөхөн олговор авдаг. Дундах 100 төгрөгийн асуудлыг өнөөдрийг хүртэл шийдээгүй явна. Манай байгууллага өнөөдөр орлогоороо цалинждаг. Тиймээс энэ асуудлыг шийдэхгүй бол цаашид хүндхэн л байна. Сүхбаатар дүүргийн XIII хорооны иргэн Б.Очиржав: Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн карт нь хөнгөлөлттэй гэж сонслоо
-“Ухаалаг автобус” явж эхэлнэ гэж дуулаад эмгэнтэйгээ цуг ирж сонирхлоо. Үнэхээр л “ухаалаг” юм. Автобусаар зорчиж буй бүх хүнийг ахмад, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй зэргээр ухаалгаар ялгаж байгаа нь их таалагдлаа. Өөрөөр хэлбэл, иргэдэд эрх тэгш үйлчлэх юм Ахмад бид өмнө нь мөнгөгүй зорчдог байсан. Харин одоо мөнгө төлнө гэж эгдүүцэх хэрэггүй бололтой. Учир нь, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн карт нь хөнгөлөлттэй гэж би сонслоо. Нөгөө талаас нийтийн тээврийн салбарыг илүү соёлжуулах ажил юм болов уу.
1000-100 мянган төгрөгийн картыг ашиглах боломжтой
Ирэх тавдугаар сараас Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврээр зорчих карт буюу “Цахим карт”-ыг худалдах, цэнэглэх 450 цэгийг автобусны буудлуудын ойролцоо байгуулах бөгөөд томоохон зах, худалдааны төвүүдэд 50 цэг ажиллах аж. Зорчигчид “Цахим карт”- аа нэг удаа худалдан авч, 1000-100 мянган төгрөг хүртэл буюу өөрийн хүссэн хэмжээгээр мөнгө байршуулан цэнэглэж, ашиглах боломжтой. Туршилтын “Ухаалаг автобус” нь III, IV хороолол-Шар хадны, Мишээл экспо- Сүхбаатар дүүргийн II хороо, III, IV хороолол- Барилгын машин механизмын завод чиглэлд явж байна. Эхний ээлжид 700 мянган картыг Солонгост хийж хэвлүүлэх ба дараагийн удаад Монголд картаа хийж хэвлэх гэнэ. Түүнчлэн билет таслагч буюу кондукторууд хяналтын ажилтнаар ажиллаж, иргэдэд заавар зөвлөгөө өгнө. Туршилтыг ирэх долдугаар сарын 1-нийг хүртэл хэрэгжүүлэх бөгөөд туршилтын хугацаа дууссаны дараа Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1200 орчим автобусанд цахим карт уншигч тоног төхөөрөмжүүдийг суурилуулах юм байна.