11.09

Ц.Оюундарь: Ялсан намын нэр барьж намайг зайлуулах аргаар хамгаалуулах гэвэл бүр бүтэхгүй санаархал

МҮОНРТ-д дахиад л хэл ам, хэрүүл тэмцэл эхэлсэн бололтой. Учир нь тус байгууллагын зарим ажилтан өчигдөр хэвлэлийн бага хурал зарласан ч "Бидний шаардлагыг дээд удирдлага хүлээн авсан тул мэдээлэл хийхээ цуцаллаа" гэсэн юм. Тэгвэл өчигдөр орой "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрийн үеэр  "Шуурхай мэдээ" гэж байгаад МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарийн авдаг цалин, хөрөнгө мөнгө үр ашиггүй зарцуулж дураараа дургиж байгаа тухай тоон баримттай мэдээ гаргасан нь олны гайхшралыг төрүүллээ. 
Энэ асуудлыг эрх баригч намтай холбох нэгэн байхад  "Үзэгчдийнхээ өмнө хэрэлдэхээс ичих хэрэгтэй" гэх хүмүүс ч байсан юм. Түүнчлэн МҮОНРТ-ийн ерөнхий захирлыг Үндэсний зөвлөл, АТГ, УИХ-ын холбогдох байнгын хороонд шалгуулахаар болсон гэж Түр хорооныхны гарын үсэг бүхий мэдээлэл гарсан. Тэгвэл дээрх мэдээллийн дараа Ц.Оюундарь "Би бууж өгөхгүй ээ. Маргаашнаас эфиртээ өөрөө жижүүрлэнэ. Үзэгчдээ дахиж ийм байдалд оруулахгүй. Уучлалт хүсье" гэж твиттер, фэйсбүүк хуудаст бичжээ. Мөн тэрбээр "11 сарын 8-ны оройны Цагийн хүрд нэвтрүүлгийн дундуур гаргасан "Шуурхай мэдээ" гэгчийн талаар бяцхан тайлбар хийхгүй бол хүмүүс маш их гайхаж, асууж шалгааж байна. МАН-ын явуулга ч гэж үзэх хүмүүс байна. Тийм зүйл огт байхгүй шүү. Нам энд огт хамаагүй. Чухам юу болсон бэ гэвэл ОНТ-ийн мэдээ мэдээллийн Монголын мэдээ сувгийн хэсэг ажилчид сувгийнхаа захирлыг сольж өгөөч, болохгүй байна, мэргэжлийн бус байна, ажлаас чөлөөлж өгөөч гэж надад хандан шаардлага ирүүлээд, өнөөдөр ХБХ зарласан юм. Би хоёр шалтгаанаар ажилчдынхаа талд шийдвэр гаргасан. Нэгт, 40 хүний эрх ашгийг нэг даргынхаар сольж болохгүй гэж. Хоёрт, дотоод асуудлыг олон нийтэд ил гаргаж, ХБХ хийхийг буруу гэж үзээд түүнийг болиулахын тулд ажилчдынхаа шаардлагыг хүлээж авсан. Тэгтэл тэр дарга хариугаа ингэж авч, эфирээр над руу дайралт хийлээ. Манай ММ-ийн ажилтнууд бүгд мэдээгээ хийж дуусаад эфирт өгчихөөд явчихсан байж. Энэ эзгүй үеэр тэр дарга эфирт бэлэн бэлтгэсэн ийм мэдээ оруулж ирээд шууд Цагийн хүрд дундуур өгсөн байгаа юм. Ийм ёс зүйгүй байж болохгүй л дээ. Манай сэтгүүлчид байсан бол хэн нь ч ийм зүйл хийхийг зөвшөөрөхгүй байх байсан. Манайхан чинь бас ч гэж голтой нуруутай хүмүүс. Тэрийг нь мэдээд уг эвлүүлгийг өнөөх дарга ММ дээр монтажлаагүй, найзынхаа өрөөнд монтажилж бэлэн болгоод шууд эфирт өгсөн байсан. Энэ бол байж болшгүй үзэгдэл! Түүхэнд байгаагүй зүйл! Ийм буруу увайгүй үйлдлийг жишиг болгон тогтоож яавч болохгүй. Тэгээд ийм үйлдлээ ялсан намын нэр барьж намайг зайлуулах аргаар хамгаалуулах гэвэл бүр бүтэхгүй санаархал!" гэх тайлбарыг цахим хуудсаараа дамжуулан хийсэн байна.