УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Чуулганаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг Хөдөлмөрийн сайд С.Чинзориг танилцууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Өнгөрсөн жил үйлдвэрийн ослоос болж амь насаа алдсан иргэдийн нэгдсэн тоо баримт байна уу. Сүүлийн жилүүдэд барилгаас болж амь насаа алдаж байгаа явдал их гарах болсон” гэлээ. Үүнд хөдөлмөрийн сайд С.Чинзориг “Үйлдвэрийн осол гарах байдал нь өнгөрсөн жилийнхээс 18 хувиар буурсан ч гэлээ амь насаа алдаж буй иргэдийн тоо буурахгүй байна. 2013 онд үйлдвэрийн ослоос 51 хүн нас барсан бол 2014 онд 56 хүн болж нэмэгдсэн” гэлээ. Гишүүдийн асуулт хариулт үргэлжилж байна.
Д.Анар