11.22

Х.Дуламсүрэн: Өвөл өө... гэж


Өвлийн үнэн төрх хүйтэн, дуу гарах ч хүсэлгүй тийм хүйтэн
Дулаахан газар хорогдоод хаврыг хүлээмээр тийм уйтгарт цаг

Өвөл өө гэж өвөөгийн эсгий гутал, 
эмээгийн хурган дээлэнд шургаад босож ирмээргүй тийм залхуутай улирал

Гэвч заримдаа гэзэг үсээ задгайлж үүлс тосон цас амталж гүймээр
Газраар зулсан цагаан дагинастай гар барин бүжмээр тийм шидийн цаг

Өвөл өө гэж уур савссан битүү мананд сарыг олж үзэхгүй хэд хончихдог саарал шөнүүд
Гэхдээ хааяа гялтганасан цасны өнгийг нарны нүдээр олж хардаг нар цагаанаар манддаг өдрүүд

Хөлийнхөө хуруудаар, үснийхээ ширхгээр, амьсгалынхаа багтаамжаар чамайг мэдрэхэд

Чи миний гүнлүү чөлөөтэй, эрх дураар нэвтэрч , 
чи миний дотроос цас мөсний дуу аялдаг
Цас мөсний аялгуугаар зүрх залуужин, цагаан улиралд би татагдаж эхэлдэг

Өвөл өө гэж өр зүрхийг минь хувиргаж мэдэх, 
өөртөө урвуулж чадах өдөн үгүй ээ, цасан хөшиг

Цасан хөшигний ард, 
эсвэл өмнө нь цаг харан зогсох дараа оны далавчит онгоц хүлээх мэт догдлол тээсэн мэдрэмж, ...
онгоц ирвэл зунлуу явна

Өвөл өө гэж үүлс газарт буусан, хүлээлт тэнгэрээр ниссэн хөшигний наадах бас цаадах цагууд ...

Өвөл өө гэж...нэвсийсэн цагаан хөшиг

Х.ДУЛАМСҮРЭН
Илүү  ихийг энд дарж уншина уу