УИХ-ын дарга М.Энхболд Улс тунхагласны 92 жилийн ойн баярын мэндчилгээндээ шинэ бодлого дэвшүүлж байгаагаа уламжилсан. Тодруулбал, Үндэсний хэмжээний хэмнэлтийн бодлого гээчийг гаргасан бөгөөд “Улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүндрэл бэрхшээлтэй, байгаль цаг агаарын хувьд цас, зудтай нүүр тулж болзошгүй нөхцөл үүссэн энэ үед боломж нөөцөө шавхан дайчилж, боломжтой нь ядарсандаа буяны гараа сунган, орон даяар үндэсний хэмжээний хэмнэлтийн бодлогод шилжихийн зэрэгцээ хөрш зэргэлдээ улс орнууд болон олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын тусламжтайгаар бэрхшээлийг хамтын хүчээр гэтлэн давах зайлшгүй шаардлагатай боллоо” хэмээсэн юм.
Үндсэндээ сүүлийн үед эдийн засгийн талаар сөрөг мэдээлэл л гарах болсон. Тодруулбал, “Moody’s Fitch” агентлаг Монгол Улсын болон дотоодын банкуудын зээлжих зэрэглэлийг байгаагаа зарласан. Түүнчлэн XIV Далай ламын айлчлалтай холбоотойгоор БНХАУ-тай төр засгийн хэмжээнд яригдаж байсан айлчлал, албан хэлэлцээнүүд тодорхойгүй хугацаагаар хойшилж, эрх баригчдын найдлага тавьж байсан 4.2 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээ зогссон гэж хэлж болно.
Ийнхүү улс хүнд байгаа үед долларын ханш чангарснаар худалдааны байгууллагууд дур мэдэн үнээ нэмж эхэлсэн. Хэдийгээр долларын ханш суларсан ч дээрх байгууллагууд үнээ буулгахгүй нь тодорхой. Ингэснээр худалдан авагчдад дарамт болж байгаа юм. Үүнийг захын хүнсний дэлгүүр ороод долоо хоногийн өмнөхтэй нь харьцуулаад мэдчихэж болно.
Хямралаас гарах гарц юу вэ? гэж бодсоор бодлого боловсруулдаг бодлогогүй хэдэн нөхөд саарал ордонд багагүй хугацааг үдэж байгаа нь үнэн. Тэр хооронд цалингаас цалингийн хооронд амьдралаа залгуулж байсан иргэд өнөөдөр цалингаа ч алдаг оног авч амьдралаа залгуулж чадахгүй хүнд байдалд ороод байгаа нь бодит байдал юм. Үнэндээ хямрал эхлэхээс ч өмнө атар талхаа бүтнээр нь биш талаар нь авч идэж байсан иргэдийн амьдрал тал талх ч авч хүч хүрэхгүй дээрээ ирээд байгаа гэхэд хилсдэхгүй.
Өөрөөр хэлбэл, хямралаас өмнө хэмнэлтийн горимд шилжсэн ард түмэнд одоо хэмнээд ч хүрэхээргүй болчихоод байгаа юм. Тэгвэл өчнөөн тэрбумаар нь авлига авсан, мөнгө идсэн хэргүүд нийгэмд дуулиан тарьдаг. Олон ч нөхөд ийм хэргээр шалгагдах нь шалгагдаж, хоригдох нь хоригдож байгаа. Тэгвэл дээрх нөхдийн идэж уусан мөнгийг олж, унаж буй эдийн засагтаа бага ч болов нэмэрлэхгүй бол ард түмнээс одоо юу ч гарахгүй гэдгийг эрх баригчид ойлгоогүй бололтой. Өөрөөр хэлбэл, боломжтой нь боломжгүйдээ буяны гараа сунгах биш хууль хяналтаа чангатгаж, төрөөс хумслах, зувчуулахыг зогсоож, буруутайд нь хариуцлага тооцох нь хэмнэлтийн бодлогын суурь болно гэж ажиглагчид дүгнэж байгааг эрх баригчдад дуулгая.
Г.НАРАН