11.28

“Петро Чайна Дачин Тамсаг” компанийн талбайд туслан гүйцэтгэгчээр ажилладаг компанийн ажилчид хордож амиа алджээ

Дорнод аймагт  20 гаруй  хүн  үл мэдэгдэх шингэн зүйлийг согтууруулах ундаа гэж уусны улмаас хордож, дөрвөн  хүн нас барсан гэх мэдээлэл хэвлэлээр гараад байна. Тэгвэл тэдгээр хордож амиа алдсан болон хордож биеийн байдал нь тааруу байгаа хүмүүс “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн талбайд туслан гүйцэтгэгчээр ажилладаг “Зөв боломж” компанийн ажилтнууд юм байна. За харин хордсон хүмүүсийн тоотой холбоотой мэдээлэл зөрүүтэй байна.  6 хүн архинд хордож,  4 нь амиа алдсан гэх мэдээлэл байгаа  юм.      Яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн ч хүнд хордсоны улмаас амьсгал хураасан аж.

 За харин Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өөрийн фэйсбүүк  хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ “Дорнод аймгийн Халх гол сумын “Зөв боломж” ХХК-ийн 13 ажилчид үл мэдэгдэх шингэн зүйлийг согтууруулах ундаа гэж уусны улмаас хордож, 4 хүн нас барсан тухай мэдээллийн дагуу Эрүүл мэндийн яамны удирдлагууд тус аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дарга, эмч мэргэжилтнүүдтэй цахим хурлыг яаралтай хийж, өвчтөнүүдийн биеийн байдал, тусламж үйлчилгээний явцтай танилцан, мэргэжил арга зүйн зөвлөмж өглөө.

Уг цахим хуралд ЭМЯ-ны удирдлагууд болон сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ, хордлого, эмгэг судлалын мэргэшлийн зөвлөх эмч, тандалт судалгааны багийнхан оролцлоо. Хурлын шийдвэрийн дагуу нарийн мэргэжлийн эмч нарын багийг Дорнод аймагт яаралтай ажиллуулахаар томилон явууллаа.

Ер нь хэрэглэж буй зүйлийнхээ гарал үүслийг нягтлаагүйн улмаас олон хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Өмнө нь ингэж олноор хордож, амь насаа алдсан тохиолдол Багануурт мөн гарч байсан удаатай. Тиймээс иргэд та бүхэн хэрэглэж буй зүйлдээ анхаарал болгоомжтой хандаж байхыг хүсье.” гэсэн байгаа юм.

Ямартай ч мэдээллээс үзэхэд тэдгээр иргэд тэрхүү хордсон шингэнээ архи гэж андуурч уусан гэх мэдээлэл бий. Тэгэхээр хаанаас хэнээс  худалдаж авсан болох нь, хаана үйлдвэрлэгдсэн зүйл болохыг нь холбогдох байгууллагуудаас эцэслэн тогтооно биз ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн