Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан ойн түймэр гамшгийн хэмжээнд хүрээд байгаатай холбогдуулан түймрийн голомт дээр дайчлагдан ажиллаж байгаа цэргийн албан хаагчид, онцгой байдлын албаныхан, сумдаа хамгаалж буй ард иргэдэд хоол хүнс, эд материалын тусламж үзүүлэх хандивын аян салбар бүрд өрнөж байна.
Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн Залуучуудын холбооноос "Боорцог" аяныг зохион байгуулж байгаа юм байна. Тэдний аянд Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид, залуу багш нарын зөвлөл, Хүнсний технологийн дээд сургуулийн багш оюутнууд нэгджээ.
Мөн Хан-Уул дүүргийн ЗДТГ түүний дэргэдэх хэлтэс албадуудын ажилтнууд 3000-5000 төгрөг хандивлан боорцог хайрах тос бусад орцыг бэлтгэн өгсөн байна.
Аянд нэгдсэн залуус дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас ирүүлсэн 2 тонн гурилаар 80 шуудай боорцог хайрчээ.
Өнөө өглөө 10 цагт тус дүүргийн залуучуудын холбооны төлөөлөл Хэнтий аймагт байрлаж байгаа Онгой байдлын тусламжийн төв штабт хүргэж өгөхөөр хөдөлжээ.



Д.Үржээ
Эх сурвалж: www.TODAY.mn