МУГЖ Т.Ариунаа хоёр шинэ цомог гаргахаар болсон гэнэ. Тэрбээр "Ирэх оны есдүгээр сар гэхэд хоёр цомгоо сонсогчдодоо хүргэчихсэн байна. Би өмнө нь “Харанга” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбаттай хамтран “Ariunaa & Chuka” цомог гаргаж байсан шүү дээ. Энэ удаа “Хурд” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Отгонбаяртай хамтран “Ariunaa & Otgoo” нэртэй цомог гаргах гэж байна. Эл цомог таван дуунаас бүрдэнэ. Нөгөөх нь миний шинэ уран бүтээлээс бүрдсэн “Тусгаар тогтнол” цомог. Сүүлийн таван жилийн турш бүтээсэн уран бүтээлүүдээсээ 10 дууг шилж тус цомогтоо оруулах юм" гэсэн бөгөөд "Сүүлийн үед “Үл таних эмэгтэй”, “Хунгийн сүүлчийн дуу” киноны дуу, “Хайр ийм өнгөтэй” гээд л ихэвчлэн уянгын дуу дууллаа. Тиймээс дараагийн удаа Д.Отгонбаяртай хамтран гаргах цомогт багтах шинэ дуугаа толилуулна. Нэлээд хэмнэлтэй, доргио дуу бий. Реппэр Gee-тэй хамт дуулсан “Хижи гөрөөс” дуу “Тусгаар тогтнол” цомогт багтана. Мөн “UBS” телевизийн бүтээж буй “Говийн домог”, “Хувьсал” продакшны шинэ уран бүтээлийн дууг мөн дуулсан. Аль алийг нь удахгүй үзэгчдэд хүргэнэ" хэмээн ярьжээ.