Бид энэ удаагийн "Оддын бага" нас буландаа түүнийг жүжигчин Ш.Доржсүрэнг онцолсон юм. Дооёо өнөөдөр хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчин бас найруулагч. Тэгвэл сурагч Дооёо ямар хүсэл мөрөөдөлтэй байсан бол, урлагтай хэрхэн амьдралаа холбосон бол. Дооёогийн хувьд Улаанбаатарын унаган хүүхэд. Хуучнаар ажилчны район гэж нэрлэгддэг тус хороололд хүүхэд насаа өнгөрүүлжээ. Тэрбээр таван хүүхэдтай айлын бага бөгөөд дөрвөн эгчтэй аж. Сурагч байхдаа бүлгэмийн зөвлөлийн дарга хийж байсан тэрбээр энэ ажлаа орхиж хөгжимчин болсон гэдэг. Бөмбөр, гитар гээд тоглохгүй хөгжим байхгүй бөгөөд сургуулийн хамтлагт орж дуулдаг ч байсан аж. Харин жүжигчин болсон тухайд, найзыгаа дагаж яваад санаандгүй Хүүхдийн ордны драмын ангид бүртгүүлсэн гэдэг юм билээ. Дооёо өөрийгөө жүжигчин биш жолооч болно гэж боддог байсан бөгөөд СУИС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгсөөд УДЭТ-т хуваарилагдаж, “Ромео, Жульетта”, “Тамгагүй төр”, “Чимээгүй шөнө” зэрэг олон жүжигт тоглосон. Үүнийхээ дараа хошин урлагт "урваж", хошин урлагийн “Х Түц” продакшнд орсон түүхтэй. Харин удалгүй Герман улсад найруулагч мэргэжлээр суралцаж ирээд өөрийн “ДОЗ” энтэртайментыг байгуулан кино урлагт хүч үзэж байгаа юм. Оюутан насандаа ирээдүйн гэргий А.Мөнгөнзултай амьдралаа холбосон. Өдгөө тэд хамтдаа кино урлагт хүчин зүтгэж байна. Жолооч болох хүсэлтэй хүү чадварлаг найруулагч, жүжигчин болжээ.