Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болно
Өнөөдөр буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 10-ны бямба гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
СПОРТЫН ТӨВ ОРДОН
09.00 цагт: Хууль сахиулахын их сургуулийн нэрэмжит сонсогчдын эр зориг, авхаалж самбааг сорьдог “Сонсогчийн алдар” гардан тулааны 15 дахь удаагийн тэмцээн эхэлнэ. ХСИС-иас зохион байгуулж буй энэ тэмцээн 2 өдөр үргэлжлэх бөгөөд тэмцээнд 27 байгууллагын 326 тамирчид өрсөлдөх юм. Спортын энэ төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорьдог улс төр, урлагийн алдартнууд энэхүү арга хэмжээнд оролцоно. Тэмцээний нээлт 15.00 цагт болно. Утас: 88115446, 99088069
МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК
09.00 цагт: “Social Good Summit Mongolia 2016” чуулганы мөрөөр зохион байгуулж буй мэдээлэл харилцааны технологи ба “Хариуцлагатай, Хүртээмжтэй Цахим Засаглал” сэдэвт интернэт болон технологийн дэвшилд суурилсан цахим инфографик, аппликейшн, вэб апп бүтээх "Hackathon Youth 2016" уралдаант үйл ажиллагаа болно. Утас: 99928384
БАГШИЙН ХӨГЖЛИЙН ОРДОН
09.30 цагт: “Хоггүй сургууль-эко орчин” аяны хаалтын ажиллагааг “Эко-чуулга уулзалт” хэлбэрээр Багшийн Хөгжлийн Ордны урлаг зааланд зохион байгуулах гэж байна. Энэ үеэр аяны хүрээнд хийсэн ажлынхаа үр дүнг танилцуулахаас гадна, хүүхдүүдийн хог хаягдлаар хийсэн бүтээл, гар болон фото зургийн үзэсгэлэн гаргана. Мөн өсвөр насны хүүхдүүдийг ном унших дадалтай болгох, англи хэлний мэдлэгийг нь сайжруулах зорилгоор ТХБ төсөл, Азийн сантай хамтран ерөнхий боловсролын 12 сургуульд хүүхдэд зориулсан 1900 гаруй номыг (Англи хэл дээр) гардуулна. Утас: 75770989, 99900765
ТБД АНДУУД
11.00 цагт: "Монголын Ардчилсан Холбоо" /МоАХ/ байгуулагдсаний өдөрт зориулан Ардчиллын алтан хараацай, Хонх хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны дурсгалд зориулсан гэрэлт хөшөөнд цэцэг өргөх ёслол Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, ТБД Андуудын урд болно. Утас: 91000017
“SOCIAL ART” ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАНХИМ
11.00 цагт: Олон улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, “Тэгш Нийгэм Холбоо” ТББ, “Нийгмийн зөвлөх үйлчилгээний хүрээлэн” ТББ, Италийн АИФО байгууллага хамтран “Social Art” үзэсгэлэн зохион байгуулна. Үзэсгэлэнгийн нээлт “Social Art” үзэсгэлэнгийн танхимд /Зайсан орох замд/ болно. Утас: 99027408
СҮХБААТАРЫН ТАЛБАЙ
12.00 цагт: Хүний эрх Хөгжил Төв ТББ-аас олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан “Оролцооны эрхийг баталгаажуулъя” цуглааныг зохион байгуулна. Цуглаанд Их, дээд сургуулийн оюутнууд, ЕБС-ийн сурагчид, хүүхэд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн байгууллага, Хүний эрхийн Үндэсний Комисс, түүний орон нутгийн төлөөлөгчид, хүүхдийн эрхийн байгууллагууд, орон нутгийн Мөнгөн хуримтлалын Бүлгийн Холбоод оролцох юм. Утас: 88168100
HI-FI CD SHOP
13.00 цагт: Дуучин Х.Мөнгөнцэцэгийн "Уулзахын хүслэн" шинэ цомгийн нээлт "Hi-Fi cd shop"-д болно.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 013 ДУГААР АНГИ
13.00 цагт: Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болно. Зэвсэгт хүчний 013 дугаар ангид болох уг ёслолд ЗХЖШ-ын дарга, Улаанбаатар хотын цэргийн штабын дарга нар оролцоно. Утас: 325044, 99077535
УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР
14.00 цагт: УДЭТ-ын 2005 оноос эхлэн хэрэгжүүлсэн "Бид мартахгүй-Алтайн тайзны эзэд" үзэсгэлэнгийн нээлт болно.
17.30 цагт: "Бид мартахгүй-Алтайн тайзны эзэд" хүндэтгэлийн ажиллагаа болно.