12.12

Хараа хяналтгүй хүүхдүүдийг хамгаалах арга хэмжээ зохион байгуулав


Нийслэлийн хэмжээнд хараа хяналтгүй хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж, тэдний эрүүл мэнд, ариун цэвэр, хоол хүнс, хүмүүжил төлөвшлийн асуудал хүндрээд байгаа юм. Тиймээс хүйтний улиралд хараа хяналтгүй хүүхдүүдийг осгох, гэмт хэрэгт холбогдох эрсдлээс сэргийлж, хамгаалах зорилгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан билээ. Хараа хяналтгүй хүүдүүдийн талаар авах арга хэмжээний тухай уг захирамжийн дагуу энэ сарын 8, 9-ний өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа гэр орноосоо хөндийрч, хараа хяналтгүй амьдарч байгаа хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх, боломжгүй тохиолдолд асрамж халамжийн үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж, цагдаагийн байгууллага, эрүүл мэндийн байгууллага, асрамж халамжийн төвүүд болон Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор, Нийслэлийн болон дүүргүүдийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газар хамтран 2 өдрийн турш ажиллав. Энэ хугацаанд нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд хараа хяналтгүй 74 хүүхдийг илрүүлж, үүнээс гэрт нь хариулах боломжтой 44 хүүхдийг асран хамгаалагчтай нь гэрээ байгуулсны үндсэн дээр хүлээлгэн өглөө. Харин гэрт нь буцаах боломжгүй 27 хүүхдээс 9-ийг нь асрамж, халамжийн төвд, 18 хүүхдийг Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборт шилжүүлэн өглөө.

НХГБХГ-ын Гэр бүл, хүүхэд хамгааллын хэлтсийн дарга С.Байгалмаа “Ирж байгаа хүүхдүүдийг харахад 4 хүүхэд тутмын нэг нь байнгын хараа хяналтгүй явдаг буюу 2-8 жил хараа хяналтгүй явсан хүүхдүүд байна. Насны хувьд 8-18 насны, 80 орчим хувь нь эрэгтэй хүүхэд байна. Гэр бүлийн байдлын хувьд авч үзэхэд 100 хувь хамтарч амьдарчдаг хэн нэгнийхээ зүгээс хүчирхийлэл, дарамтанд өртдөг, байнгын түгшүүр дунд амьдардаг байгаа юм. Үүнээс болоод хамгийн тайван байх орчныг сонгож, гэрээсээ дайждаг гэсэн үг.” гэлээ.

УБХЦГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Золжаргал  “Нийслэлийн Засаг даргын 12 дугаар сарын 2-ны өдрийн А/847 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газраас эдгээр өдрүүдэд хүүхэд илрүүлэлтийн чиглэлээр 17 хэлтсийн 20 автомаштинтай 120 гаруй алба хаагч ажиллалаа. Бид ихэвчлэн РС тоглоомын газар, байрны орц хонгил, худалдаа үйлчилгээний төв, захуудаар явж, илрүүлэлт хийсэн” гэв.