Аз жаргал гэж юу вэ? Энэ асуултад хүн бүр өөр өөр хариулт өгөх биз ээ. Тэгвэл "Маск" продакшны жүжигчин Ц.Ганзориг, найруулагч Б.Чингүүн нарын хамтын бүтээл "Аз жаргал" уран сайхны киног үзэхээр явж байхдаа би хөнгөн, инээдмийн кино байх гэсэн төсөөлөлтэй байлаа. Харин кино эхлээд хэдэн минут өнгөрөхөд л миний төсөөлөл буруу байсныг мэдсэн юм.
"Аз жаргал" уран сайхны киноны уран бүтээлчид миний бодож байсан шиг биш амьдралын бас нэгэн хүнд сэдвийг хөнджээ. Ингэхдээ аз жаргал гэж юу болох, түүнд хүрэхийн тулд хүн хэчнээн ихийг туулдгийг харуулах зорьсон байна.
Уран бүтээлчид чухам юу өгүүлэх гэснийг нарийн ажиглангаа нулимсаа барьж тэвчих гэж багагүй хичээсээр кино дуусаад гарч ирэхдээ киноны гол дүрийн бага насанд тоглосон охиныг мундаг жүжигчин болох байх даа хэмээн бодсон юм.
Найруулагч Б.Чингүүн кино эхлэхийн өмнө "Бидэнд үзэгч та бүхний санал шүүмжлэл чухал" гэж хэлснийг бодож байх зуур би кино эхлэнгүүт цаад өнгө нь нэг л бараан юм уу даа гэх сэтгэгдэл төрснийг нуугаад яах вэ. Гэхдээ киноны үйл явдал өрнөх тусам цаашид яах бол гэсэн асуулт сонирхол татсаар байлаа.
Долоон настай охинтой залуухан гэр бүл хоёр дахь хүүхдээ догдлон хүлээнэ. Дүүтэй болохыг хүссэн бяцхан охин ёстой л хөл нь газар хүрэхгүй баярлах аж. Гэсэн ч ээж нь дүүг нь төрүүлээд нас барснаар энэ айлын зовлонт амьдрал эхэлнэ. Долоон настай охины нуруун дээр аав, дүү хоёроо авч явах хүндхэн ачаа буух...
Харин тэдний гэр бүлийн нэгэн асран хамгаалагч нь Туяа гэх эмэгтэй. Түүний нөхөр Самбуу хэдэр ёдор нэгэн. Өнчирч үлдсэн гурвыг нэлээд ад үзэх маягтай.
Үзэгчийн нүдээр Самбууд жаахан дургүй хүрч суусан ч усан бороо цутгасан шөнө "Хоёр охиноо олж ирнэ" гээд гарахыг нь хараад яадгаа алдсан муу хүний дүр биш юм байна гэж бодсон шүү.
Мартсанаас долоон настай охиныг Аз буюу Азаа гэдэг. Харин дүүг нь Жаргал гэдэг ажээ. Аав нь ээжийг нь дүүг нь тээж байхад "Чи надад Аз өгсөн. Одоо би Жаргалтай болмоор байна" хэмээгээд бага охиндоо тийм нэр өгсөн юм. Ийнхүү мань гурав дажгүй амьдарч байтал аав нь Дарханд цагаан идээ зарахаар яваад нас барж орхино.
Азаа охин дүүтэйгээ хоёулхнаа энэ хорвоод үлдэнэ... Тэр цаашид яаж амьдрах бол? Энэ асуултын хариуг киногоо үзээд мэдээрэй...
Жүжигчин А.Гэрэлцэцэг Азаад тогложээ. Нөхөртэй, хөөрхөн хүүгийн ээж тэрбээр залуухан хосод байраа зарж байгаагаар кино эхэлдэг. Харин түүний байраа зарсан залуу хостой аз жаргал нь хэрхэн холбогдохыг ч гэсэн "Аз жаргал" киноноос үзээрэй.
Ямартай ч байдаг л нэг инээдмийн кино үзээд гарч ирээгүй учраас уйлж, инээж сэтгэлийн утсаа хөндөхийг хүссэн хэн бүхэн "Аврора" фильмсийн хоёр дахь бүтээл "Аз жаргал" киног нэг үзээрэй гэж хэлмээр байна. Аз жаргал юунд оршиж байсныг та мэдэх болно.
Г.НАРАН