12.23

Х.Дуламсүрэн: Замаасаа хазайхгүй л амьдрах минь

Хар цагааныг хэмжиж ер үзээгүй ээ

Хараал ерөөлийг ч дэнсэлж явсангүй
Хатуу хорвоо гэж зүхэж бэдэрсэнгүй
Хайраар л зөөллөхийг хичээж ирлээ
Бүсгүй хүн зовлон жаргалыг тэнцүүлэн
Бүүдгэр харанхуйгаас ч гэрэл гаргах хүчтэй байж
Бүдэг бадаг амьдралыг өнгөлж явах учиртай гэнэм

Хэчнээн сайхныг хүсэвч жамаараа ирдэг хяслан бий
Хичээж зүтгэсэн ч болж өгөхгүй тавилан гэж бий
Амьдралын урсгалыг сөрж гаталсан ч
Алдаа бүхнээ хянах боломжгүй
Аваа өгөө хоёроо тэнцүүхэн эдэлж гэмээн
Амьд явахын үнэнд дөхөж очиж буй нь тэр ээ...

Жаргал зовлон сүлэлдэж ирэх тусам
Жавартай нартай өдрүүдийн үзэгдэл гэрэл тодорно
Завсаргүй хөврөх энэ л орон зайд
Замаасаа хазайхгүй л амьдрах минь.....

Х.ДУЛАМСҮРЭН