12.27

Х.Дуламсүрэн: Нарнаас мандахсан...

Үзэсгэлэнт дэлхийг өнгөлөн гэрэлтүүлж үржилд хүргэсэн
өнө мөнхийн нар таныг би магтан дуулмаар байна

Тэнгэрийн хэвлий таны энергиэр төлжинө, 
тэнгисийн түрлэг таны илчинд хучигдана

Газрын зулай таны туяанд ээнэгшиж,
гариг дэлхий минь таны нөмөрт өнгөжин залуужина

Титэмлэж ургасан шаргал эх минь, дээрээс ивээх амин ундарга минь...

Таны судсаар нүд минь ертөнцийг тольдож, таны эрчмээр цээж дүүрэн амьсгалдаг

Таны мутраар ухаан тэлэгдэж орчлонг мэдэрнэ би,..
таны цацран гийх гэрэлт замаар хорвоог туулан өнгөрөөнө 

Ой мод, жигүүртэн шувууд, ан амьтан, ургамал цэцэг, амьдралын үүсгэл бүхэн таны бүтээл, таны үр сад...

Аз жаргалын өнгө будаг болсон алтанхан нар минь таныг би амраг садан шигээ хайрлахыг хүснэ

Ахархан энэ л заяандаа ач буяныг тань хүртээд зогсохгүй
Үхсэний дараа ч өөрийн чинь гэрэлд сүнс минь шингэж

Үлдсэн бүхэнд ивээл хайрлах үс гэзэгний чинь үзүүр болмоор байна...Нарнаас мандахсан...

Х.ДУЛАМСҮРЭН