"U film"-ийн бүтээл "Амьдралоги" хэмээх романтик, инээдмийн уран сайхны кино өчигдрөөс үзэгчдийн хүртээл болсон юм. Жүжигчин Г.Ундармаагийг ээлжит уран бүтээлд Герман улсад ажиллаж, амьдарч буй жүжигчин О.Энхтуул уригдсанаар онцлогтой. Тэгвэл Г.Ундармаа өөрийн хүндэлж явдаг жүжигчнээ кинондоо тоглуулсандаа ихэд баяртай байгаа аж. Тэрбээр "Кинонд маань Герман улсад ажиллаж амьдарч буй жүжигчин О.Энхтуул эгч маань тоглосон. Тоглочихоод буцсан учраас нээлтэндээ ирж амжсангүй. Манай монголын хамгийн сайхан жүжигчний нэг, жүжигчин, эмэгтэй хүнд байх ёстой бүхий л сайн сайхныг өөртөө шингээсэн жүжигчинтэй хамтран тоглосондоо талархаж байна. Тэр миний хайртай жүжигчин. Би оюутан байхдаа О.Энхтуул эгчийг СУИС-аас араас нь дагаж алхаад Драмын театрт хүргэж өгчихөөд буцаад алхаж байж билээ. Харин өнөөдөр эгчтэйгээ нэг кинонд тоглосондоо үнэхээр баяртай байна" хэмээн ярьжээ.