"Мөнхий залуу" тодотголын эзэн топ модель Э.Одгэрэл өчигдөр 50 нас хүрлээ. Тэрбээр 1967 оны нэгдүгээр сарын 11-нд Улаанбааатар хотод төржээ. Дунд сургуулиа төгсөөд “Халдвар судлал”-д угаагч хийдэг байхад нь Н.Соёлмаа хатагтай, одоогийн “Донж” төвийн Б.Төгөлдөрийн ах, талийгаач Б.Түвшин хоёр түүнийг олж харснаар “Шилмэл загварын ордон”-д бичээчээр ажиллажээ. Тэр үед буюу 1988 онд анхны “Гоёл” наадам болсон. Энэ наадам загвар зохион бүтээгчдийн гэхээсээ илүү загвар өмсөгчдийн дундах өрсөлдөөн болсон гэхэд болно. Харин түүний гуравдугаар байрын тавцанд угаагч байсан бичээч Э.Одгэрэл зогсож байсан түүхтэй. Ийнхүү тэрбээр загварын ертөнцтэй амьдралаа холбосон юм. Өдгөө түүний тайзан дээрх ганцхан гараа л гэхэд 400-500 мянган төгрөг гэдэг. Гэвч “Мөнхийн гоо үзэсгэлэн” хэмээх тодотголтой хатагтайгаар хувцсаа сурталчлуулах хүсэлтэй зохион бүтээгчид, байгууллагынхаа нүүр царайг тодорхойлох сонирхолтой пүүс, компаниуд мундахгүй. Загвар өмсөхийн хажуугаар хэд хэдэн кинонд тоглоод авсан тэрбээр өнөөг хүртэл тайзнаас буугаагүй билээ. Хэдийгээр гоо сайхны мэс засал олон хийлгэсэн хэмээх хардлагад байнга өртдөг ч тэрбээр 50 насандаа ч орчин цагийн сайхан бүсгүйчүүдийн жагсаалтыг тэргүүлсээр байгаа юм.