01.20

”Өргөст сарнай” романы борлуулалтаас эх нялхсын тоглоомын, хүлээлгийн өрөө тохижуулжээ

Д.Наранчимэг зохиолчийг “Өргөст сарнай”, “Амьд явах виз” зэрэг зохиол бүтээлээрээ төдийгүй тулаад ирсэн өвчин зовлонг сэтгэлийн хатаар туулж, хүмүүст ухаарал хайрласан  уншигчид андахгүй. Хэдийгээр хорвоогоос халин одсон ч өдгөө ч түүнийг дурсан санаж байгаа юм. Түүний хань Н.Батзориг хөвгүүдийнхээ хамт "Наранчимэг" санг байгуулж, сайн үйлсийн аян өрнүүлж эхэлжээ.  Түүний хөвгүүд ээжийнхээ дурсгалд зориулж, Монголынхоо ирээдүй болсон мянга мянган хүүхдүүдэд чадах чинээгээрээ туслахаар шийдсэн юм. “Наранчимэг” сан  өнгөрсөн оны тавдугаар сард үүдээ нээж,  хүнд өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, өнчин, нэн ядуу хүүхдүүдэд амьдрах урам зориг өгөхөөр сэтгэл санаа, эд материал, мөнгөн тусламж үзүүлэх болжээ. Тэд энэ зорилгынхоо хүрээнд Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн  Эрүү нүүрний мэс заслын тасгийн тоглоомын өрөө, хүлээлгийн хэсгийг иж бүрэн тохижуулжээ.  Энэхүү сайн үйлсийн аянаа ээжийнхээ зохиол "Өргөст сарнай" романы борлуулалтын ашгаас санхүүжүүлсэн байна.