Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдөр /2017.01.26/ АТГ-т мэдүүлэг өгсөн билээ. Тэрбээр энэ үеэр "Гурав хоногийн дараа болох Ардчилсан намын даргын сунгаанд нөлөөлж, Н.Алтанхуягийг гэмтэн болгож харагдуулах, манай намын гишүүдийн саналд нөлөөлөх гэсэн оролдлого боллоо гэж би бодож байна. Нөгөө бүлэглэл чинь Н.Алтанхуяг Ардчилсан намын дарга болчихож магадгүй гээд ухаан мэдрэлээ алдаад, санаа нь зовоод шөнө болсон хойно АТГ-т дуудаж байна" хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл энэ асуудлаар АТГ-аас сануулга гаргажээ. Үүнд "Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дагуу тайлбар, мэдүүлэг авахаар 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16:00 цагт Авлигатай тэмцэх газрын байранд дуудсан боловч цагтаа ирэлгүй 19:00 цагт хүрэлцэн ирсэн. Н.Алтанхуяг нь мэдүүлэг өгөхөөр ирэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд болон ард иргэдийг турхиран авч ирж төрийн тусгай байгууллагын чиг үүрэгт хөндлөнгөөс хүч түрэмгийлэн, иргэдэд буруу, ташаа мэдээлэл өгч буй нь хууль бус үйлдэл юм.
Иймд хууль сахиулах байгууллагын үндсэн чиг үүргийхээ хүрээнд хийж буй мөрдөн байцаалтын ажиллагааг аливаа нэгэн улс төрийн намын гишүүн, сонгуулийн сурталчилгаандаа ашиглахгүй байх, иргэдийг худал хуурмаг мэдээллээр хангахгүй байхыг сануулж байна. Холбогдох хуулийн дагуу мөрдөн байцаалтын явцын талаар бид мэдээлэх боломжгүй болно" хэмээн мэдэгджээ.
Г.СУВД