Хагарч бутардаггүй чулуу
Хайлж урсдаггүй төмөр гэж …
Уярч согтдоггүй сэтгэл
Улирч оддоггүй зовлон гэж …
Од хүртэл харвадагийг
Ойлгоход тийм хэцүү гэж үү
Харанхуйг гийгүүлж нар манддагийг
Харин та мэддэггүй гэж үү
Уйлж тайтгардаггүй бүсгүй
Урсаж оддоггүй нас гэж
Хатаж ганддаггүй цэцэг
Харамсал тээдэггүй өнгөрсөн гэж …
Уул хүртэл нурдагийг
Ухаархад тийм хэцүү гэж үү
Нээх хүртэл эрдэнэс нуугддагийг
Нээрээ та мэддэггүй гэж үү …
Хайр илүүддэг зүрх
Хагацал дутууддаг амьдрал гэж
Хөшихөд хугардаггүй ган
Хөрөөдөхөд унадаггүй амь гэж
Ухаан хүртэл зөнөдөгийг
Учирлахад тийм хэцүү гэж үү
Бүрэнхийд уусан наран жаргадагийг
Бүүр, та мэддэггүй гэж үү
Б.МӨНХ-ОРГИЛ
2016.09.30-нд