01.30

”Насны хишиг” авах ахмадууд ирэх сарын 1-нээс бүртгүүлнэ


Ахмад настны тухай хуулийг УИХ-аар баталсан. Ингэснээр ахмадууд ахмадуудад "Насны хишиг"-ийн тэтгэмжийг жил хоёр удаа буюу цагаан сар, наадмаар олгохоор болсон юм.

Ингэхдээ 65-69 насны ахмадуудад 50 мянга, 70-79 насны ахмадуудад 80 мянган төгрөг, 80-89 насны ахмадуудад 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмадуудад 250 мянган төгрөг хишиг болгон олгох юм. Дээрх болзол хангасан иргэд ирэх сарын 1-нээс иргэний үнэмлэхтэйгээ сум хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандаж бүртгүүлэх боломжтой юм байна.

Хэрэв ирэх зургадугаар сарын 30-наас өмнө хүсэлтээ өгөхгүй бол “Насны хишиг” авах боломжгүй болох аж. Хэвтрийн өвчтэй, биеэр очих боломжгүй хүмүүсийн хүсэлтийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, асран хамгаалагч гаргах юм байна.

Бүртгэлээ хийлгэсэн иргэд Хаан банк, Төрийн банк, Капитал банкаар дамжуулан мөнгөө авна. Тухайн хүн материлаа бүрдүүлж өгснөөр дээрх гурван банканд нэрийн данс нээгдэх юм байна. Уг дансанд мар нэгэн мөнгө байршуулахгүй, шимтгэл хураамж төлөхгүй, “Насны хишиг”-ийн мөнгийг тэтгэврийн зээлд суутгахгүй байхаар зохицуулсан аж.

Дашрамд, ахмадууд хоёрдугаар сарын 25, болон зургадугаар сарын 25-наас хойш банкинд очиж мөнгөө бэлнээр авах боломжтой юм байна.

Т.Гэрэл
www.zaluu.com