01.31

Сүхбаатарын сэтгүүлчид орон нутгийнхаа болон нийгмийнхээ дуу хоолой болно


Ч.ЗОТОЛ   

Сүхбаатар аймгийн гаралтай, Сүхбаатар аймагт төрж өсч хүмүүжсэн тал нутгийн сэтгүүлчид нэгдэн “Талын түрлэг” ТББ байгуулснаа шинэ оны эхэнд мэдэгдсэн билээ. Тэд орон нутагтаа нөлөөллийн үйл ажиллагаа явуулаад  зогсохгүй нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэхээ илэрхийлээд байна. Энэ зорилгоор turleg.mn сайтыг хамтын хүчээр үүсгэн байгуулжээ. Ийнхүү нийгмийн амьдрал, үйл явдлын  халуун цэгт хамгийн түрүүн хүрч, бусдын сайн сайхны төлөө сэтгэл гарган ажилладаг сэтгүүлч мэргэжилтнүүдийг нутгаар нь нэгтгэсэн анхны байгууллага нь “Талын түрлэг” боллоо.

 Сүхбаатар аймгаас мэргэжлийн сэтгүүлч уран бүтээлч олноор төрөн гарч Монголын сэтгүүлзүйд цахиур хагалсан нь олон бий. Монголын чөлөөт сэтгүүлчдийн холбоог үүсгэн байгуулагч, анхны   тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн  Ц.Дашдондов  энэ нутгийнх. Түүнчлэн Монголын өдөр тутмын олон сонины гал халуун гал тогоонд ажиллаж, уран бүтээлээ туурвиж ирсэн МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Н.Лутбаяр, орон нутгаас төр засаг руу чиглэсэн шударга хурц нийтлэлүүдээ бичиж, Монголын хөдөө зэлүүд тал биш, ард түмэн “зөөлөн боорцог” биш  гэдгийг ямагт сануулж ирсэн Төрийн шагналт, яруу найрагч, сэтгүүлч Ай.Төмөр-Очир,  Монголын радиод тал нутгийнхаа  дуу хоолой болон ажиллаж  ирсэн зохиолч, сэтгүүлч Я.Түмэннаст,  зах зээлийн хүндхэн үед сүхбаатарчуудын гэх цорын   ганц хэвлэл  “Сүхбаатарын зам”, “Шинэ сүхбаатар” сонины үүдийг хаачихалгүй үүрч  ирсэн МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч   С.Амартайван болон МСНЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга С.Алтанцэцэг нарын төрд, олонд танигдсан эрхмүүд бий. Өдгөө тэдний  залгамж халаа болсон  залуу үеийнхэн Монголын хэвлэл, мэдээллийн салбарын бүхий л байгууллагад ажиллаж байна. Тэд нэгдэн гишүүддээ болон нийгэмд үйлчлэх үүрэг бүхий “Талын түрлэг”  ТТБ-ынхаа анхны хурлыг хийж  тэргүүнээр нь  үүсгэн байгуулагч, АЗХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Э.Ирэхбаярыг сонгожээ. Тэрээр энэ санаачилгыг  2013 онд эхлүүлсэн тухайгаа  “Би гурван жилийн өмнө анх фэйсбүүкт групп нээн мэргэжил нэгт нутгийнхныгаа нэгтгэж эхэлсэн. Энэ хугацаанд Сүхбаатар нутгийн гаралтай маш олон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд Монгол орны өнцөг булан бүрт байгааг олж мэдсэн. Тэр үеэс  албан ёсоор нэгтгэх юмсан гэсэн бодлыг тээж ирсэн.  2017 онд боломж олдлоо. Бид энэ байгууллагаараа дамжуулан мэдээ мэдээллээ солилцох, бие биенээ дэмжихээс гадна хамгийн гол нь зөвхөн Сүхбаатар аймгаар хязгаарлагдах бус улсын хэмжээнд сайн эерэг зөв мэдээллийг түгээж, сайн нөлөөллийн ажлыг хийх болно” хэмээн ярив. Сүхбаатар аймгийн сэтгүүлчид үүнээс өмнө ч нэгдэж, хамтарч ажиллаж үр дүнд хүрсэн цөөнгүй ажил бий. Тухайлбал, өнгөрсөн жил Ганга нуурын усны түвшин багасч ширгэх аюул нүүрлэхэд нутгийн сэтгүүлчид түлхүү дуугарч холбогдох байгууллагын болоод төр, засгийн  сонорт хүргэх, нийгмийн анхааралд оруулж байв. Тэгвэл “Талын түрлэг” ТББ-д нэгдсэн сэтгүүлчид цаашид төрөлх Сүхбаатар аймгаас гадна улс орны хэмжээнд өргөн хүрээтэй ажиллахын зэрэгцээ нутгаасаа төрсөн алдар гавьяатнууд, авьяас билэгтнүүдийг олонд таниулах, онцгой содон үйл явдлыг нийтэд мэдээлэх үүрэг хүлээн ажиллахаар санал нэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин