Өнөөдөр Монголын хүүхдийн жүжгийн урын сан нэмэгдэж буй талаар УДЭТ-аас мэдээлэл хийлээ. Монгол ардын аман зохиол, үлгэрийн өгүүлэмж үйл явдлаар дамжуулан хүүхэд багачуудад эрдэм боловсролын чухалыг таниулж өв соёл, зан заншлаа эрхэмлэн дээдлэх хүсэл эрмэлзэлд хөтлөн төлөвшүүлэх зорилгоор Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлч хамт олон Боловсрол, соёл, шинжлэх, спортын яамны “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн” төслийн уралдаанд шалгарсан Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг тайзны бүтээл болгохоор бэлтгэж байна.
Энэ хорвоо дээр нэг л ертөнц оршдоггүй билээ. Эгэл жирийн хүмүүс бидний амьдардаг энэ ертөнцийг “Замбуулин хорвоо” хэмээнэ. Харин эгэл жирийн хүмүүс бид, амьтны амь тасалдаггүй, өглөгч энэрэнгүй зантай, үнэн шударга сэтгэлтэй, шуналгүй, ховч, хуурмаг зангүй бол Арван цагаан буянтан гэгдэж, авралт бурхны оронд амьдрах эрхтэй болдог гэдэг.
Эрт урьдын цагт Эзэн Чингис ч төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдалын талаар энэхүү жүжигт өгүүлэх юм.
Тус жүжгийн найруулагчаар СТА Б.Хишигзаяа, зураачаар Л.Цэрэндулам, хөгжмийн зохиолчоор СТА Б.Цацрал, хөдөлгөөний найруулагчаар СТА Г.Ган-Очир нар ажиллаж байна. Харин жүжгийн дүрүүдэд Царцаа Намжилын дүрд Б.Золжаргал, номын багшийн дүрд СТА С.Болд-Эрдэнэ, СТА Ц.Цэрэнболд, банди нарын дүрд О.Итгэл, Р.Адъяабаатар, н.Сэргэлэн
н.Очирбат, хэрээний дүрд СТА Б.Одончимэг, тогосны дүрд Ц.Аззаяа, сүүлгүй хулганын дүрд Б.Шинэбаяр, хулганын дүрд Б.Жаргалсайхан, Д.Асардарь, муурын дүрд СТА Э.Тодгэрэл, тэмээний дүрд Ц.Төгсбилэгт, бугын дүрд Г.Алтангэрэл, согооны дүрд Г.Номуу, эрлэг номун хааны дүрд АЖ П.Цэрэндагва, СТА Ж.Пүрэвдорж, хатны дүрд УГЖ Ж.Оюундарьж, түшмэлийн дүрд А.Чингүн, Г.Ганбат, эмгэн шивэгчин Б.Золзаяа нар тогложээ.
Жүжгийн нээлтийн тоглолт энэ сарын 5-нд 13:00, 15:00 цагаас болох бөгөөд цаашид УДЭТ-аас гаргах хуваарийн өдөр бүр дагуу тоглогдоно. Тасалбарын үнэ 8000 төгрөг байна гэж хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.