Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль энэ сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийллийг өнөөдрөөс гэмт хэрэг тооцож эхэлсэн гэсэн үг. Гэр бүлийн хүчирхийллээс болж сүүлийн үед эрүүл мэнд амь насаараа хохирсон олон иргэн байгаа бөгөөд тэдний дийлэнх нь эмэгтэйчүүд хүүхдүүд юм.
Энэхүү мөрдөгдөж эхэлсэн хуулиар эхний удаад сануулга өгөх бол хоёр дахь удаагаа эрүү үүсгэж, гуравдахь удаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хорих хүртэл арга хэмжээ авахаар зааж тусгасан юм.
Уг хууль хэрэгжиж эхэлсэн эхний өдөр гэхэд гэр бүлдээ агсам тавьж эхнэр хүүхдээ айлгаж ичээж зодсон гэх 12 эрэгтэй Сонгинохайрхан дүүргийн түр саатуулах байранд саатуулагджээ. Тэдний ихэнх нь эхнэрээ хардаж зодсон. Мөн согтуу үедээ гэртээ танхайрч хүүхдүүдээ айлгасан гэх тайлбарыг цагдаад өгчээ.
Ийнхүү хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр тушаал гаргаж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулагджээ.
О.Сайхан
www.zaluu.com