02.03

“Эрдэнэт”-д эзэн суусан “нялх Сэнгүм”-үүд хэний хүүхдүүд байв

Улстөрч, бизнесийн хүрээнд сүүлийн үед “нялх Сэнгүм” гэх үгс дуулдах болов. Энэ нь эцгийнхээ нэрээр улс төрд орох, бизнес хийх бодолтой хөвгүүдийг нь хэлээд байгаа юм. Монголын нууц товчоонд Тоорил хан хүү Сэнгүмийнхээ үгээр Тэмүжинг гэнэдүүлэн довтолсныхоо дараа ямар зам туулсныг уншигчид санаж буй биз ээ. Энэ түүх орчин үед ч мөн давтагдсаар байгаа юм. Өөрөөр хэлбэл, нялх Сэнгүмүүд гэдэг үг хашилтад хийгдэж, баян айлын дураараа хөвгүүдийг тодорхойлох болжээ. Манайхны хар ярианы “мангар бацаан” гэсэнтэй утга дүйж магадгүй л юм. Бид энэ удаа мөнөөх “нялх Сэнгүм”-үүд “Эрдэнэт” үйлдвэрт эзэн суусан талаар хүргэхээр бэлдсэн юм. 

400 сая доллар “төвөггүй” босгосон Ц.Пүрэвтүвшин

 “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг саяхан Монголын компани авсан талаарх мэдээлэл 2016 оны зургаадугаар сарын 26-нд монголчуудад хүрснээс хойш өнөөдрийг хүртэл асуудал үүсгээд байна. Тэгвэл “Эрдэнэт”-ийн  49 хувийг худалдаж авсан “Mongolian copper corporation” компанийн ерөнхий захирал Ц.Пүрэвтүвшин хэмээх 27 настай залуугийн талаар сонссон л биз дээ. Тэрбээр сүүлийн хоёр жил Х тайлан тайлагнасан, хэд хэдэн удаа компанийн нэрээ сольсон ч 2016 оны зургаадугаар сард 400 сая ам.доллараар “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан байдаг. Түүний талаар Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн нууц хүү гэх мэдээлэл хэвлэлээр гарсныг эс тооцвол  “Mон-Tурк дунд сургуулийг төгсөж,  МУИС-ийн Хуулийн сургуулийг 2010 онд бакалаврын, АНУ-ын Mичиганы их сургуульд хууль зүйн ухаанаар мастерын зэрэг хамгаалсан. Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан” гэх намтраас өөр мэдээлэл хомс. Ийнхүү олны анхаарлын төвд орсон мань эр 400 сая доллараа “төвөггүй” босгосон гэдэг ч Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн шалгалтаар Худалдаа хөгжлийн банк энэ асуудалд хутгалдсан нь нэгэнт тодорхой болоод байна. Өөрөөр хэлбэл, Худалдаа  хөгжлийн банкны гол хувьцаа эзэмшигчийн байгуулсан компаниуд болох, энэ хүний шууд удирдлагад ажилладаг Ц.Пүрэвтүвшин, Г.Хүрэлбаатар гэх хүмүүсийн үүсгэн байгуулсан компаниар дамжуулж энэ ажиллагаа явагдсан байдаг. Нэр дурьдсан компаниуд эхэлж Худалдаа хөгжлийн банктай зээлийн гэрээ хийж, тус банкнаас 62-70 сая америк доллар аваад, тэр мөнгөө шууд “Монголын зэс корпораци” руу шилжүүлж, “Монголын зэс корпораци” нь Орос руу шилжүүлэх ийм схем явагдсан байна. “Монголын зэс корпораци” нь  “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдан авахдаа Худалдаа хөгжлийн банкин дахь өөрийн гэх данснаас нийт гурван удаагийн гүйлгээгээр 400.27 сая америк долларыг ОХУ-ын “Альфа” банкинд шилжүүлсэн байдаг аж. 

Үндсэндээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь Монголд ирлээ хэмээн олон нийтийг баярлаж байх зуур хэдхэн хүн нэг банктай нийлж хууль зөрчин Монголын мөнгөөр хувийн өмч худалдаж авсан болж таараад байна. Ингэхдээ Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан гэх тодотголтой “нялх Сэнгүм”-үүд хөрөнгө босгож “тоглосон” бололтой. Бид дараагийн удаа дээрх нөхдөд хэн хэн зээлж олгож, “тусалсан” талаар хүргэх болно. 

 

Үргэлжлэл бий... 

Г.НАРАН