02.06

”Цэнхэр үст” Э.Цэрэнгийн онцолсон брэнд


Цахим ертөнцөд "Цэнхэр үст" хэмээн алдаршсан Э.Цэрэндолгор ээжтэйгээ ижилсэн гоёсон зургаараа нэг хэсэгтээ л "Фэйсбүүк"-т тренд болсон билээ. Тэгвэл түүний ээжтэйгээ өнгө ижилсүүлэн гоёсон энэ даашинз болон дээлийг Б.Батцэцэг хэмээх бүсгүй урладаг аж. Э.Цэрэн энэ талаар өөрийн цахим хуудастаа "Өөрийн төсөөлөлдөө ургуулан бодсон загвараа хонины ноосоор урладаг бүсгүйг би саяхан танилцуулсан. Өөрөө ч супер гоё биетэй, даруухан нь дэндсэн бүсгүйн урласан жижиг размерын бүх даашинз надад сапхийтэл захиалсан мэт таарч байв. 
Тэгээд би нэг сайхан өдөр гангарна даа хэмээн хүлээж байсан. Харин ээжийн зургийг харан баясаж, харамгүй магтсан та бүхнээс урам аваад хоёул жаахан охид аятай өнөөдөр ахин тоглолоо. #Dyrberg/Kern зүүлтийг ээжийн цулгуй палаажинд зүүчихэв. 
За тэгээд хэрдээ л шинэлэг байх гээд бас бэлгэдэл бодоод Жиндийн Гэрэлийн бүтээсэн Чингис Хааныхаа хөрөгны өмнө суучихлаа. Ээжид зугаатай байх шиг байна. 
Зургийг нөхрөөрөө авахуулав. Б.Батцэцэгтээ баярлалаа. Чи супер шүү. "Чиний эвт гурван од" дэвжин дэлгэрэх болтугай. Монголд минь хайрламаар, урам авмаар бүсгүйчүүд их олон байна. Бид бие биесээ дэмжих учиртай" хэмээн бичиж байсан юм. 
“Эвт гурван од” ХХК нь 2011 онд байгуулагдсан бөгөөд захиалагчийн биед тааруулан сонгосон өнгөөр буюу хонины ноосны 12 өнгөөр даашинз урлаж байгаа аж. Хонины ноос нь дулаахан хөлөргөдөггүй биед төгс сууж өгдөг онцлогтой гэнэ. Түүнчлэн монгол хонины ноос нь дулааны улиралд сэрүүн, сэрүүний улиралд дулаан шинж чанартай учраас хэзээ ч өмссөн болохоор дахин давтагдахгүй загварыг урладаг ажээ. Энэхүү брэндийн талаарх мэдээллийг "Фэйсбүүк" хуудаснаас авах боломжтой юм байна.