“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотойгоор УИХ-аас ажлын хэсэг гарч шалгалт хийсэн. Улмаар ажлын хэсэг 49 хувийг худалдаж авсан эх үүсвэрийг шалгаад дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан юм. Тодруулбал,
1. “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” нэгдлийн 49 хувийг худалдан авах ажиллагаа Монгол Улсын Үндсэн болон бусад хууль тогтоомж зөрчиж, УИХ, Засгийн газрын бүрэн эрхэд хууль бусаар халдаж одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа гэрээний заалтыг зөрчиж хийгдсэн байх тул Засгийн газрын 2016 оны зургаадугаар сарын 1З-ны өдрийн 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болгож тус үйлдвэрүүдийн 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлж 100 хувь улсын үйлдвэрийн газрын статусаар ажиллуулах.
2.Дээрх үйлдвэрүүдийн 49 хувийг худалдаж авахдаа халхавч гэрээ хэлцэл байгуулах‚ ХХБ болон Улаанбаатар банкны хувьцаа эзэмшигч болон түүний шууд удирдлагад ажилладаг цөөн хүмүүсийн нэр дээр зохиомлоор байгуулсан компаниудын нэр дээр Монголбанкнаас хууль бусаар олгосон зээл‚ Хөгжлийн банкнаас тус банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, зарим аж ахуйн нэгжтэй байгуулсан концессын гэрээнд хууль бусаар өөрчлөлт оруулж улсын төсвөөс гаргуулсан их хэмжээний мөнгөн хөрөнгө /90.0 сая доллар/‚ түүнчлэн хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгө зэрэг эх үүсвэрүүд ашиглагдсан, зээлийн гэрээ гэгчийг байгуулахдаа “ирээдүйд бий болох орлого”, Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан “Зэс худалдан авах гэрээ”, “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь”, “Өмнөговь аймагт ирээдүйд баригдах цахилгаан станц” зэрэг хууль бус. халхавч, эсхүл огт байхгүй зүйлийг барьцаалсан зэргээс үзэхэд дээрх үйлдвэрүүдийн 49 хувийг худалдан авсан хөрөнгийн эх үүсвэр нь хууль бус, эргэн төлөгдөх баталгаагүй, эцсийн эрсдлийг төр хариуцахаар байна. Иймд Засгийн газар болон Монголбанк энэ танилцуулгад дурдсан эх үүсвэрүүдийн хүрээнд ХХБ, Улаанбаатар банкны хувьцаа эзэмшигчтэй харилцан тооцоо хийх нь зүйтэй гэж үзэв.
3.Эрдэнэт үйлдвэрт хууль бус хяналт тогтоосноос хойших хугацаанд тус үйлдвэрийн орлогын ихээхэн хэсэг Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий компаниудад шилжиж улсад төлж байсан татварын хэмжээ эрс багасаж байгаа нь анхаарал татаж байгаа. Тухайлбал‚ 2016 оны 6 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 21 хүртэлх хугацаанд тус үйлдвэрийн орлогоос 2013 оны ногдол ашиг гэх 8.6 сая доллар, 2012 оны ногдол ашиг гэх 47.1 сая доллар, Монголиан Коппер корпорацид гэрээний урьдчилгаа гэх 2.6 сая доллар /нийт 58.3 сая доллар/‚ “Кью-Эс-Си компанид гэрээний төлбөр гэх 17.0 тэрбум төгрөг, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт 2.7 тэрбум төгрөг тус тус шилжүүлсэн байна.
Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн 2016 онд улсын төсөвт төлөх татварын хэмжээ 230.0 тэрбум төгрөгөөр буурах төлөвтэй гэж татварын алба дүгнэсэн байна.
4.ХХБ, Улаанбаатар банк, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлал болон Дарханы хар төмөрлөгийн үйлдвэртэй байгуулсан концессын гэрээнд хууль бусаар өөрчлөлт оруулсан асуудлыг дахин хуулийн хүрээнд нягтлан хянаж, хувьчилсан үйл ажиллагаа, хөрөнгийн эх үүсвэр нь “Эрдэнэт”, “Монголросцветмет” нэгдлийн 49 хувийг “худалдаж авсан” үйл ажиллагаа, эх үүсвэртэй ижил төстэй байвал нэн яаралтай хууль, шударга ёсыг сэргээн тогтоох арга хэмжээ авах тухай дүгнэлт гаргасан.
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаад "Эрдэнэт"-ийн 49 хувийг төрд авах шийдвэрийг гаргажээ. Бүлгийн хурлаас гаргасан шийдвэрийг өнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хурлаар хэлэлцэж, баасан гарагийн УИХ-ын чуулганаар оруулах гэнэ. Харин АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт энэ асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос ажлын тав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа юм.
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэний дараа УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө нэгдсэн хуралдаанаар оруулахаар товлогдоод байгаа юм. Тэгэхээр дээрх асуудал энэ долоо хоногт шийдэгдэх бололтой.
Г.НАРАН