Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Энхбаяр 2016 онд шийдвэрлэсэн олны анхаарал татсан хэргүүдээр товч мэдээлэл хийлээ.
Үүнд: Таксины жолоочын амь насыг хохироосон хэрэг буюу П.Энхболд, С.Ариунтуяад нарт холбогдох хэргийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016.10.13-ны өдөр хянан хэлэлцэж П.Энхболдод 25 жил, С.Ариунтуяад 16 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч асан Б.Ханбаатарт холбогдох хүчингийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016.06.15-ны өдөр хянан хэлэлцэж Б.Ханбаатарт 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Уг хэрэг нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаад оноосон ял нь хэвээр батлагдсан байна.
“Guys” хамтлагын дуучин Х.Бат-Ундралд холбогдох хар тамхи хууль бусаар олж авсан хадгалсан гэх хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016.10.10-ны өдөр хянан хэлэлцэж Х.Бат-Ундралд 2 жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.
Дөрвөн настай хүүхэд нохойд хазуулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ хэрэгт нохойн эзэн Д.Батсайханыг холбогдуулсан бөгөөд хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016.07.04-нд хянан хэлэлцэж Д.Батсайханд 2 жил 6 сарын хорих ялыг оногдуулж уг ял оногдуулсан, түүний эзэмшлийн дундад ази үүлдрийн нохойг устгахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэсэн юм.
ШУТИС-ын оюутан П-г 26 хутгалж амь насыг хохироосон гэх Д.Буяннэмэхэд холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016.07.27-ны өдөр хянан хэлэлцэж хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн. Уг хэрэг давж заалдах шатны шүүхээс хэвээр батлагдсан ба Дээд шүүхээс хэргийг хянаж үзээд нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан байна.
Орцонд өндөр настай хохирогч Г.Ц-г хүч хэрэглэж дээрэмдсэн Л.Амаржаргал нарт холбогдох хэргийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016.10.17-ны өдөр хянан хэлэлцэж Л.Амаржаргалыг эд хөрөнгийг хураахгүйгээр 6 /зургаа/ жил хорих ялаар, Э.Мөнх-Эрдэнийг эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар, А.Баатарыг эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн/ /Давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаад хэвээр батлагдсан байна/ Тээврийн прокурор асан Х.Тамир нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж 2017.01.11-ны өдөр хянан хэлэлцэж Х.Тамирт 5 жил 1 сарын хорих ял, Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат нарт 5 жил 2 сарын хорих ял, Б.Сүхбаатарт 6 жилийн хорих ял, Л.Жавхланд 2 жил 7 сар, 17 хоногийн хорих ялыг тус тус оногдуулж шийдвэрлэсэн байгааг онцлов.
О.Сайхан