04.29

Нинжа нараас байцаалт авна

Ховд аймгийн Цэцэг болон Алтай сумын Засаг дарга нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ. Тодруулбал тус аймгийн Цэцэг сумын Засаг дарга Ц, Алтай сумын Засаг дарга Б-тэй хамтран өөрийн сумын нутаг дэвсгэрт орших Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай газрын Цагаан эрэг гэх газарт хууль бусаар иргэдэд вольфром олборлохыг зөвшөөрч, тэднээс хураамж авдаг байсан нь тогтоогдсон билээ.

Засаг даргын уг үйлдлээс болж байгаль орчинд нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсныг прокурор хянаж өнгөрсөн сард шүүхэд шилжүүлжээ.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс хэрэгтэй танилцаж, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн хэмээн уг хэргийг буцаасан байна. Тодруулбал, вольфром олборлосон иргэдээс байцаалт авах нь зүйтэй гэж үзсэн аж. Мөрдөн байцаалтын явцад тус нутагт 600 орчим нинжа ашигт малтмал олборлосон нь тогтоогдсон бөгөөд одоо тэдгээр хүмүүсээс байцаалт, мэдүүлэг авахаар болжээ.