Олон Улсын Валютын Сангаас Монгол Улсад хэрэгжүүлэх боломжит хөтөлбөрийн талаар Засгийн газрын төлөөлөгчид тус сангийн ажлын хэсэгтэй хэлэлцээр хийж байгаа. Тус хэлэлцээр нь Улаанбаатар хотноо үргэлжлэн явагдаж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.
-Монгол Улсад Олон улсын валютын сангийнхан / ОУВС/ ирчихсэн ажиллаж байна. УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын хувьд ямар үр дүн хүлээж байна вэ?
-Олон улсын валютын сантай гэрээ, хэлцэл хийсэн. Тэрхүү ажил маань үргэлжилж байна. Тэдэнтэй харилцан ойлголцох түвшинд өрнөж байна. ОУВС-гийн төлөөлөгчидтэй өчигдөр уулзсан. Төлөөлөгчид бодлогын том, том алдаа болон эдийн засагт сөрөг үр дүнг авч ирсэн зүйлээ засах талаар ярьж байна.
-Сөрөг дүн авч ирсэн зүйлээ засахаар ярьж байна гэлээ. Тухайлбал?
-Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл байна. Өнгөрсөн дөрвөн жил Хөгжлийн банкаас босгосон бондтой холбоотой асуудал дээр том алдаа гарсан. Энэ нь өнөөдөр Монгол Улсыг өрөнд оруулчихаад байна. Бас хэзээ яаж хэрэгжүүлэх нь мэдэгдэхгүй зээлийн асуудал. Тиймээс энэхүү банкны хуулийг илүү сайжруулж, олон улсын хуультай нийцүүлэх нь зөв.
-Банкны хуулийг яаж сайжруулах вэ?
-Энэхүү хуулийг сайжруулахад анхаарах саналаа оруулж ирсэн. Тухайлбал, Банкны тухай хуулийг үйлчлүүлдэг болох, аливаа эрсдлийг бууруулах арга хэмжээг авах, менежмент нь хараат бус байх тал дээр анхаарах зэрэг санал оруулсан. Мөн улсын Төсвийн тухай хуульд Засгийн газар баталгаа гаргачихсан тохиолдолд УИХ дээр хэлэлцэж байх ёстой гэх зарчмын асуудлыг тавьж байна. Энэ нь бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Олон улсын валютын сангаас төсвийн алдагдлыг бууруулах чиглэлээр тодорхой санал, хэлцлийг ярих байх.
-Жишээлбэл?
-Орлогын яаж нэмэх, алдагдлыг яаж бууруулах зэрэг асуудлыг хөндөж байна. Мөн бүтцийн өөрчлөлттэй холбоотой зүйлийг ч ярьж байгаа гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, Олон улсын вальютын сангаас Монгол Улсыг эдийн засгийн хямралаас богино хугацаанд гаргах арга хэмжээг хамтарч хэрэгжүүлье гэсэн л зүйлийг ярьж байна. Мэдээж амаргүй. Гэхдээ зарим зүйлийг нь тэднээр хэлүүлээд байхгүйгээр өөрсдөө хийчих заалт бий л дээ.
-Бүтцийн өөрчлөлт гэдэг нь ямар өөрчлөлтийг хэлж байна вэ?
-Бүтцийн өөрчлөлт гэдэг нь Хөгжлийн банкны тухай хуулиуд байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бүтцэд нөлөө үзүүлэхүйц өөрчлөлт байна. Өнгөрсөн хугацаанд Монголбанк 7.7 их наяд төгрөгийг хэвлээд тараачихлаа. Тэр зүйлийг дахин давтахгүй байхаар холбогдох хуульд нь өөрчлөлт оруулах гэх мэт. Өнгөрсөн хугацаанд эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхүйц зүйлийг болохгүй гэх өөрчлөлтийг л хөндөж байна гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ хэлэлцээр бол үргэлжилж байгаа.
-Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж тус банкныхан үзэж байна. Гэхдээ энэхүү хуулийг батлах аваас ямар эрсдэл бий юу?
-Олон улсын валютын сантай хийх хэлэлцээрийн нэг гол хэсэг нь Хөгжлийн банк.
-Яагаад тэр вэ?
-Энэ их хэмжээний мөнгийг төсвөөс гаргаад явуулах гэж байна шүү дээ. Тиймээс сахилга бат, хяналт нь ямар байх зэрэг олон асуудал орж ирнэ.
-Гэхдээ Олон улсын валютын сангаас энэ удаагийн зээлд хамрагдах боломжгүй гэх тайлбарыг өгсөн гэх мэдээлэл байсан?
-Өчигдөр тэдэнтэй уулзсан. Уулзалтаар ямар нэгэн тааламжгүй мэдээ хэлээгүй. Олон улсын валютын сантай хөтөлбөр зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ тухайгаа ч тэдэнд хэлсэн. Гайгүй байх л гэж бодож байна.
-Ирэх гуравдугаар сард төлөх өрийг бүтнээр нь төлөх үү, хувааж төлөх үү. Яаж төлөх мэдээлэл өгөхгүй юу?
-Ирэх сард төлөх 580 сая ам.долларын өрийг яаж төлөх вэ гэдэгт нэг, хоёр, гурав гээд ирүүлчихсэн жагсаалт одоохондоо алга. Албан ёсоор ирсэн мэдээлэл байхгүй. Гэхдээ үүнийг Засгийн газраас асуух хэрэгтэй. Тооцоолол байж магадгүй. Би УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргынхаа хувьд л мэдээлэл ирээгүй байна гэдгээ хэллээ.
-Гэхдээ Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдлаа гэхэд өгсөн мөнгийг нь өрөнд өгч болох юм уу. Энэхүү хөтөлбөрөөс ирсэн мөнгийг яг ямар, ямар зүйлд зарцуулах ёстой байдаг юм. Тодорхой заалт бий юу?
-Бид өндөр хэмжээнд хэлэлцээрийг хийж байна. Тэдний өгөх мөнгө бол төлбөрийн тэнцлийг хангахад зориулсан. Төгрөгийн ханшийг тогтворжуулах зорилготой. Бусад мөнгөөр нь бүтцийн өөрчлөлттэй холбоотой, улс эх орны эдийн засгийг тэтгэх зүйлд зарцуулагдах байх.
-Зээлийн хэмжээ нь хэд байдаг юм бэ?
-Энэхүү сангаас аливаа нэг улсын авдаг мөнгөний хэмжээ нь тэрхүү байгууллагад төлдөг хураамж, эзэмшдэг хувьтай нь холбоотой байдаг. Тэрхүү тоогоор нь үзэх юм бол Монгол Улс ойролцоогоор 440 сая гаруй ам.доллар болох байх гэж бодож байна.
-Хэлэлцээрийг хэзээ өндөрлөх вэ?
-Миний хувьд ирэх долоо хоног гэхэд дуусчих байх.
Б.Анир
Эх сурвалж: www.zaluu.com