02.14

М.Мөнхчимэг: Хөгшрөх биологийн процессыг зогсоох аргагүй ч удаашруулах боломж бий


“Royal De beauty” эмнэлгийн гүйцэтгэх захирал, гоо заслын эмч М.Мөнхчимэгтэй ярилцлаа. 

-Танай эмнэлгийг орон нутгийн үйлчлүүлэгчдэдээ илүү хүрч ажиллахыг эрмэлздэг талаар сонслоо. Ярилцлагаа энэ талаар эхэлье? 

-Манай нөхөн сэргээх, арьс гоо заслын “Royal De beauty” эмнэлэг одоогийн байдлаар таван салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Ерөнхийдөө хөдөө орон нутгийн үйлчлүүлэгчидтэйгээ тулж ажиллах, эмчилгээ хийлгэе гэсэн ч хотод ирэх боломжгүй үйлчлүүлэгчдэдээ зориулж Дархан, Эрдэнэтэд салбараа нээсэн л дээ. Улаанбаатарт энэ төв салбараас гадна “Нарны хороолол”-д нэг салбар нээгдэж байна. Мөн Дарханы “Дархан” их дэлгүүрт “Royal beauty” гээд үсчний салон нээсэн. Ингээд нийт таван салбартайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлээд олон жилийн дадлага туршлагатай баг хамт олон үйлчлүүлэгчдийнхээ гоо сайхны төлөө ажиллаж байна. 

-Таны хувьд гоо сайхны чиглэлээр хаана ямар боловсрол эзэмшсэн бэ? 

-Би өнгөрсөн оны наймдугаар сарын сүүлээр Солонгост гоо сайхны чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаад ирсэн. Одоо миний ажиллаж байгаа гоо сайхны бүх эмчилгээний чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалт юм л даа. 

-Гоо сайхны мэс засал манай улсад нэг үеэ бодвол хөгжиж байна. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад эмнэлгээс ялгарах онцлог?
 
-Тухайн эмнэлгүүд гоо сайхны мэс заслын үйлчилгээ үзүүлдэг. Харин манай эмнэлэг мэсийн бус аргаар эмчилгээ хийдгээрээ ялгаатай. Өөрөөр хэлбэл, арьсанд хэрэгтэй эд, эсийг нөхөн төлжүүлж, арьсыг дандаа дотроос нь сэргээх зүйлүүдийг хийдэг гэсэн үг. Мэс заслын эмчилгээ байхгүй. 

-Охид бүсгүйчүүд давхраа оёулах, нүдээ сэтлүүлэх зэрэг үйлчилгээг нэлээд сонирхдог юм билээ. Танайх магадгүй цаашид энэ төрлийн эмчилгээ хийх үү? 

 -Мэдээж манайх цаашид өргөжин хөгжинө. Ер нь бол мэс заслын эмнэлэг оруулж ирэх санаа байгаа. Энэ ондоо бол амжихгүй байх гэж бодож байна. Ирэх 2018 онд гоо сайхны мэс заслын том эмнэлэг байгуулах зорилт бий. 

-Хүмүүс өөрсдийн гоо сайхнаа даатгаж байгаа учраас тухайн байгууллага хаанахын ямар төрлийн бүтээгдэхүүн хэрэглэж байгааг нэлээд судалдаг. Танайх үйлчилгээнд ашигладаг бүтээгдэхүүнүүдээ хаанаас авдаг вэ?
 

-Манайх “Medifil” гээд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнүүдээр үйлчилдэг. Тухайн бүтээгдэхүүнүүдийг Солонгосоос албан ёсоор оруулж ирдэг компани байдаг. Түүгээр дамжуулж манайх бүтээгдэхүүнээ авдаг юм. Өөр янз бүрийн бүтээгдэхүүн энд тэндхийн баталгаагүй хэрэглэдэггүй. Зөвхөн Солонгосын “Medi peel” гээд эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэдэг гэсэн үг. Тариа эмчилгээний хувьд бүгд чанарын шаардлага хангасан, мэдээ алдуулах тос зэргээр тухайн хүнд хэрэгтэй бүхнийг шийдсэн байдаг л даа. 

-Манайхан ам дамжсан яриагаар нэлээд сонголт хийдэг тал бий. Тухайлбал, тэр тарилга арьсанд ёстой сайн гэсэн гээд нэгнээсээ сонсчихвол очоод тариулчих гээд байдаг. Мэргэжлийн хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой байна? 

-Манайхаар үйлчлүүлэх гэж байгаа хүмүүс хамгийн гол нь ирж үзүүлээд зөвлөгөө авах хэрэгтэй. Түүний үндсэн дээр тухайн хүнд ямар эмчилгээг яаж хийх үү, хэр хугацаанд эмчилгээ хийгдэх вэ гэдэг нь тогтоогдоно. Түүнээс биш ам дамжсан яриагаар эмчилгээ хийнэ гэдэг байж болохгүй. Жишээлбэл, батганы эмчилгээ нэг хүнд хоёр хоног хийсэн бол нөгөөд нь заавал хоёр хоног хийгдэхгүй. Тухайн хүний нүүрэнд тав хоног бүр 10 хоног ч хийгдэх тохиолдол байдаг. Эсрэгээрээ нэг хүнд тухайн эмчилгээ таарч байхад нөгөө хүнд таарахгүй ч байна. Хүн хүний арьсны бүтэц өөр, бодисын солилцоо ч өөр явагддаг учраас яг энэ хүнд эмчилгээ хийгээд хоёр хоногийн дотор үр дүн гарна гэсэн бол гарах ч зарим хүнийх өөр байдаг. 

Зарим хүний арьсны бүтэц, булчингийн үйл ажиллагаа, бодисын солилцоо зэргээсээ хамаараад 7-14 хоногийн дараа гэх мэтээр янз бүр байна. Түүнээс биш тэр эмчилгээ сайн, энэ нь муу гэсэн юм байхгүй. Гол нь тухайн хүн ирж үзүүлээд өөртөө тохирох эмчилгээг сонгоод хийлгэх ёстой. 

-Гадуур хүмүүс үрчлээс арилгах тарилга гээд зарж байдаг. “Гоо сайхны эмнэлэгт үнэтэй тариа хийлгэснээс хямд аваарай” ч гээд сурталчилдаг. Энэ хэр зөв зүйтэй вэ? 

-Манай эмнэлэг албан ёсны зөвшөөрөлтэй байгууллагаас бүтээгдэхүүнээ авдаг. Монгол Улсад эм эмийн бүртгэлтэй тариаг авдаг гэсэн үг. Харин тухайн хүмүүс яаж авч ирж байгааг бол бид мэдэхгүй шүү дээ. Жишээ нь, “Cendrilla” гэдэг тариаг хүмүүс их ярьж байна. Гэтэл энэ тариаг Монголд нэг л газар албан ёсоор оруулж ирдэг. Тухайн тариаг үйлдвэрлэдэг газар нь Монголд ганц л газартай гэрээтэй, тухайн монгол компани ганцаараа л гаалиар оруулж ирэх эрхтэй. Харин гар дээрээс хүмүүс бие биенээсээ авч байгааг сайн мэдэхгүй юм. 

Гол нь тэр тариаг яаж найруулдгийг, тунг нь хэрхэн тааруулдгийг мэдэх хэрэгтэй гээд олон зүйл бий. Ер нь хэчнээн сайн зүйл байгаад ч тунг нь тааруулахгүй бол хор болдог. Хоол ч гэсэн тийм байдаг шүү дээ. Гол нь тарилга эмчилгээг яг л мэргэжлийн газар нь мэргэжлийн хүнээр хийлгүүлэх хэрэгтэй. Дур мэдэж өөрсдөө хийгээд ямар нэгэн эрсдэл гарах юм бол тухайн хүн өөрөө л хариуцлагаа үүрнэ шүү дээ. 

-Охид, бүсгүйчүүд арьсаа гоё болгох хүсэлтэй байдаг. Гэтэл курс эмчилгээнд 10 удаа орох ёстой гэхэд эдийн засгийн боломжоос шалтгаалаад хойш тавих тохиолдол байдаг. Курс эмчилгээ заавал тоо заах уу, эсвэл тухайн хүний арьсны онцлогоос хамаараад өөр үү? 

-Ер нь курс эмчилгээ тухайн хоногоороо хийгдэхэд л хамгийн үр дүнтэй. Тухайн хүн хүссэн үр дүнгээ авъя гэвэл курс эмчилгээ хийлгэж байж л үр дүн гарна. Арьсны шим тэжээлийг нөхөж өгдөг учраас тухайн эмчилгээ курсээр хийгддэг юм. Гэхдээ нөхөн төлжүүлэх тариа уян хатан сонголттой л доо. Хүмүүс нэг удаа хийлгэж  ч болно, хорин удаа ч хийлгэж болно. Хүний арьс маш их ус чийгээр дутагдаж явдаг. Үрчлээс, нөсөө бол дандаа арьс хуурайшилтаас болж үүсдэг. Тэдгээрийг нөхөхгүй л бол арьс улам унжаад, сулраад байна гэсэн үг. 

Залуу, гоё байгаа дээрээ, эд эс арай хөгшрөөгүй үед нөхөн сэргээх эмчилгээг хийлгэх тусам тухайн хүн залуу сайхан арьсаа удаан хадгалж авч үлдэнэ. Түүнээс биш чи заавал тэдэн удаа тариа хийлгэх ёстой гэсэн юм байхгүй. Хүн залуу байх тусмаа арьсандаа долоо, 14 хоногт нэг удаа дотор, гадна талаас нь ямар нэгэн байдлаар эмчилгээ хийлгэж байж тухайн хүн үр дүнтэй байна. 

-Залуу байгаа дээрээ гэснээс манай охид, бүсгүйчүүдийн дунд “Би залуу байгаа юм чинь ямар нэг эмчилгээ хийлгэх шаардлага алга. Тэр ботоксыг 40-өөс дээш насныхан хийлгэдэг гэсэн” гэх хандлага байдаг? 

-Хүмүүс ботокс гэдэг зүйлийг үрчлээс арилгах эмчилгээ гэж ойлгодог боловч тухайн хэсгийн булчингийн үйл ажиллагааг түр хориглодог эмчилгээ юм. Заавал залуу хүн, хөгшин хүн хийлгэх ёстой гэсэн үг биш. Гэхдээ хүмүүс ботокс гэдэг эмчилгээнээс хол байх хэрэгтэй. Булчингийн үйл ажиллагааг түр хориглож байна аа гэдэг нь тухайн хүний хөдлөх ёстой булчин нь хөдлөхөө больчихож байна гэсэн үг. Хэт их ботокс тариулаад байвал хүний булчингийн ажиллагаа зогсоод зөвхөн нүд л хөдөлдөг болчихно. Гэтэл хүн инээх, уурлах уйлах гээд янз бүрийн хөдөлгөөн хийдэг. Хэчнээн ботокс хийчихээд энэ хөдөлгөөнүүдээ хийгээд л байвал дахиад өөр газраас үрчлээ үүснэ.
 
Залуу насандаа яагаад эмчилгээ хийлгээд байна гэхээр, тухайн залуу арьсаа хадгалж авч үлдэх гээд байгаа юм. 30, 40 нас хүрэхээр арьс залуу биш болчихсон, тодорхой хэмжээний хөгшрөлт явагдчихсан байдаг. Тэгэхээр тэр арьсыг залуу болгохын тулд урт удаан хугацааны эмчилгээ шаардагдана аа даа. Тийм болохоор хүн залуу байгаа дээрээ л арьсаа арчлах ёстой. Залуу арьсаа арчлаад байвал залуу л харагдана. Хөгшрөх биологийн процессыг зогсоох ямар ч арга байхгүй. Харин удаашруулах арга бол бий. Тийм учраас арьсаа сайн арчлах ёстой. Эмэгтэйчүүд дан тарилга эмчилгээ гэхээсээ гаднаасаа чийгшүүлэх гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Арьсанд чийг өгөх бүтээгдэхүүн л сонгох хэрэгтэй. Арьс чийгтэй байхдаа л гоё. 

-Танайх тураах үйлчилгээтэй гэсэн. Яг ямар эмчилгээ хийдэг вэ? 

-Манай эмнэлгийн тураах үйлчилгээ хөлдөөх, хайлуулах, хөлөргөх гэсэн гурван төрлийн аппаратаар хийгддэг. Хөлдөөх аппаратаар тухайн целлюлиттэй хэсгийн эсийг нь хөлдөөдөг. Целлюлиттэй хэсгийг хөлдөөчихөөр тэр хэсэг нь бодисын солилцоогоор өтгөн, шингэнээр гадагшилдаг давуу талтай. Ерөнхийдөө эргэн таргалахгүй гэсэн үг. Гэхдээ хүн дан ганц аппаратанд найдаж болохгүй. Мэдээж хөлдөөсөн эд эс шингэнээр гадагшлахаар радио технологиор гаднаас нь маш сайн хайлуулж өгдөг. Ингэж бодисын солилцоогоор өтгөн, шингэнээр гадагшилснаар галбиржин турдгаараа онцлогтой. 

Хүмүүс 14 хоногт 10 кг, долоо хоног долоон кг хасчих гээд байдаг тал бий. Хүн хэзээ ч ингэж жингээ хасч болохгүй. Хэрвээ ингэж нэг дор ихээр жин хасвал эсрэгээрээ хүний бие хордоно. Таргалахдаа аажим аажмаар таргалсан шиг турахдаа ч гэсэн аажим аажмаар турах хэрэгтэй. Эрүүл зөв аргаар турвал тухайн хүнд дараа нь амьдралын зөв хэвшил болоод явчихна. Хурдан турах тусмаа хүн стресстэж эхэлдэг. Үндсэндээ хүн амьдралын дадлаа маш зөв байлгах ёстой. Манай тураах аппарат хөлдөөгөөд, хайлуулаад, хөлөргөж байна гэдэг нь тухайн хүний турах процесс (фитнест явах, хоол сойх, дасгал хийх гэх мэт)-ыг илүү хурдан болгож өгөх юм. Харахад кг-аар жин буухгүй байгаа юм шиг хэрнээ обёмоороо сайн турж, галбиржина. 

-Гоо сайхны үйлчилгээ гэхээр л эмэгтэйчүүдэд хамааралтай гэж ойлгох тал бий. Танайд эрчүүдэд зориулсан үйлчилгээ байдаг уу? 

-Эрэгтэй хүн ч гэсэн адилхан л арьс, арьсны бүтэцтэй учраас арьсанд дутагдаж байгаа юу л байна тэр бүгд эмэгтэйчүүдийнхтэй адилхан дутагдана. Тэгэхээр эрэгтэй хүн ч гэсэн үйлчлүүлэх боломжтой. Эрэгтэй хүүхдүүд насны онцлогоос арьсанд нь батга гардаг. Тэрийгээ манайхан өөрсдөө дур мэдэж шахсанаар улам үрэвсүүлчихдэг. Цаашлаад сорвижилттой болчихдог. Тиймээс манайх харин эрчүүдэд зориулсан батганы эмчилгээ хийж байгаа л даа. Нөхөн сэргээх эмчилгээний хувьд заавал эмэгтэйчүүд гэсэн ойлголт байх ёсгүй. Ялангуяа үс халзралттай эрчүүд ирж үйлчлүүлэх хэрэгтэй. Тийм хүмүүст үсний PRP эмчилгээ маш үр дүнтэй. 

-Хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд эрэгтэй хүнд тохирохгүй байх тохиолдол байх уу? 

-Яг эмчилгээний бүтээгдэхүүн эрэгтэй хүнд тохирохгүй гэсэн зүйл байхгүй. Яах вэ, ганц хоёр бол зөрнө л дөө. Тийм учраас эхэлж сорил тавьдаг юм. Хэрвээ сорил таарвал эмчилгээгээ үргэлжлүүлнэ. Харин таарахгүй тохиолдолд солиод таарах эмчилгээг нь хийнэ. 

-Танай эмнэлэг цахим хуудсаараа дамжуулан олон төрлийн уралдаан зохион байгуулж,  үйлчлүүлэгчдээ урамшуулдаг юм билээ. Энэ нь охид, бүсгүйчүүдэд маань их таалагддаг? 

-Тийм шүү. Манай “Royal De beauty” “Фэйсбүүк” хуудсанд нэгдээд олон төрлийн уралдаан, урамшуулалд хамрагдах боломжтой. Бид Цагаан сарын дараа нэг ажил хийхээр төлөвлөсөн. Энэ нь юу вэ гэхээр, яг нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх нэн шаардлагатай ч боломжгүй байгаа хүмүүстээ боломж олгох юм. Жишээлбэл, нүүрэндээ батганы сорвижилттой ч тэрийгээ арилгаж чаддаггүй ч юм уу эсвэл чин сэтгэлээсээ турахыг хүссэн ч турж чаддаггүй зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүсийг “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан олоод тодорхой хугацаанд эмчилгээ хийх юм. “Let me in” ганц хүнийг өөрчилдөг бол манайх хэд хэдэн хүнийг өөрчлөхөөр зорьж байна. 

Үүнийг бид нийгмийн хариуцлагын хүрээнд, хүмүүсийг баярлуулахын тулд хийж байгаа юм. Манай энэ эмчилгээнд хүмүүс ээж, аав, найз нөхдөө санал болгож болно. Тухайлбал, “Би ээжийгээ, найзыгаа гоё болгомоор байна. Ийм эмчилгээ хийлгэмээр байна” гээд хүмүүс хүсэлтээ илгээж болно гэсэн үг. Ингээд бид хүмүүсээ сонгож аваад тодорхой хугацаанд эмчилгээ хийнэ. Мэдээж энэ тохиолдолд тухайн хүн баярлах байх. 

-Ярилцсанд баярлалаа. 

Г.СУВД