02.14

Хойд хөршийнхөн ШХАБ дахь Монголын статусыг дээшлүүлэх сонирхолтой байна


Шанхайн хамтын ажиллагааны байгууллага дахь /ШХАБ/ Монголын ажиглагчийн статус ахина гэдэгт Москва найдаж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилтой хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгджээ.
С.Лавров хэлэхдээ “Бид Монголын ШХАБ дахь оролцооны асуудлыг хэлэлцсэн. Тус улсын ажиглагчийн статус ахиж дээшилнэ гэдэгт найдаж байна. ШХАБ-ын зүгээс хэрэгжүүлж байгаа аюулгүй байдал, эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй болон бүс нутагт терроризмтой тэмцэх хөтөлбөрүүдэд Монголын тал одоо ямар нэгэн саадгүйгээр оролцож, хамтран ажиллаж байна. Гадаад бодлогын асуудлаар энэ улиралд тусгай хэлэлцүүлэг хийхээр зөвшилцсөн. Маш үр ашигтай хэлэлцүүлэг болно гэж найдаж байна” хэмээн хэллээ.
ШХАБ нь 2001 онд байгуулагдсан бөгөөд ОХУ, БНХАУ, Казахстан,  Киргиз, Тажикистан болон Узбекистан гэсэн үндсэн зургаан гишүүнтэй. Афганистан, Пакистан, Энэтхэг, Иран, Монгол болон Беларусь улс тус байгууллагад ажиглагчийн статустай  бол Турк, Азербайжан, Шри Ланк, Армени, Камбож болон Балба нь яриа хэлэлцээрийн түншүүд юм.