02.17

Өнгөрсөн онд Монголын 321 иргэн гадаадад гэмт хэрэгт холбогджээ


Монголчууд хилийн чанадад гэмт хэрэгт холбогдох гэмт хэргийн золиос болж байгаа явдал сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Хамгийн сүүлд гэхэд Монголын хоёр иргэн Өвөрмонголд хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдсан мэдээлэл гарч эхэллээ.

Өнгөрсөн 2016 онд гэхэд гадаадад 321 иргэн гэмт хэрэгт холбогдсон тоон мэдээлэл байна. Тэдний дийлэнх нь хулгай, танхай дээрмийн хэрэгт холбогдсон бөгөөд ихэнх нь БНХАУ-д холбогдож хуулийн байгууллагад шалгуулсан гэдгийг албаны эх сурвалж хэлж байна. Монголчууд нэгнээ хохирогч болгох явдал их гардаг байна.

Тухайлбал, “Бээжин Эрээнээс бараа татаж наймаа хийх гэсэн юм. Хамт яваад өгөөч. Цалин мөнгө сайн өгнө” гэж худлаа хэлж дагуулж яваад хулгай хийлгүүлэх, эсвэл хулгайн хэрэгтээ ашиглаж халхавч хийж өөрсдөө хулгай хийж байгаад баригддаг байна. Ийм замаар хохирогч болж Хятадын шүүхээс ял сонссон монгол иргэд байгаа гэнэ. Хохирогч болсон иргэнийг хам хэрэгтэн хэмээн үзэж хамтад нь шүүхээр шийтгэдэг ажээ. 

БНХАУ-ын хууль чанга болохоор хийсэн үйлдэл бүрт нь ял оноодог аж. Хулгайн хэрэгт 6 сараас 3 жил хүртэлх ял оноодог бөгөөд хийсэн үйлдэл, хулгайлсан хэмжээнээс нь хамаарч доод тал нь 6 сар хорих ялаар шийтгэдэг байна шүү.

Тиймээс ГХЯ-ны Консулын газраас монголчуудадаа хандаж Хятадын хууль цаазын тухай мэдээллийг, мөн хэн нэгэнд найз нөхөддөө итгэж яваад хохирогч болохгүй байх талаар сайн тайлбарлаж өгөх, сэрэмжлэгүүдийг байнга гаргаж байна.

О.Сайхан
www.zaluu.com