Зүрх сэтгэл хулгайлдаггүй
Зүгээр л үнэнд оршдог
Хайр сэтгэлээр тоглож чаддаггүй
Ханамж энхрийллээс татгалзаж чаддаггүй
Гэмгүй учирч
Гэмшилгүй хагацдаг
Гэнэн зүрх
Цээжинд минь цохилдог
Гомдол үлдээж
Нулимс үздэггүй
Гоёхон охидыг
Зовлонд унагадаггүй
Цаг цагаар яндганан
Хувирч өөрчлөгддөггүй
Цайлган сэтгэл
Дотор минь оршдог
Би
Санаагаа нууж араас гэтдэггүй
Санамсаргүй гэж үйлдлээ цайруулдаггүй
Ичгүүртэй бодлоо ч илчлэхээс буцдаггүй
Ийм л чөлөөтэй ярилцахаас айдаггүй
Үлдээсэн сонголт минь
Үнэнд ойрхон
Өнгөрсөн дурсамжууд
Сэтгэлд ойрхон
Алдсан дээр нь түлхэж
Ашиглах хүсэл байдаггүй
Амраглаж явсан бүсгүйгээ
Амны зугаа болгодоггүй
Хүссэн үедээ сэдэв сөхөж
Хүүхний сэтгэлийг үймүүлдэггүй
Амьдрал тогтсон хойно нь ээрч
Арга билэг холбоя гэж гай болдоггүй
Дураа хүрэхээр буудалд дуудаж
Дурласан зүрхээр даажигнадаггүй
Дууссан хойноо шарвагнан түлхэж
Дуртай хүндээ бэлэглэж шоглодоггүй
Бүлтгэрхэн нүднээс нь айдас бөмбөрүүлж
Бүтэнхэн амьдралаа хугасалж тамладаггүй
Бүлээхэн өвөр янаглалаар цангавч
Бүсгүй хүнийг таваар шиг хэрэглэдэггүй
Би
Б.МӨНХ-ОРГИЛ
2017.02.13-нд