02.21

Оффшорт холбогдсон Х.Бум-Эрдэнэ Хадгаламжийн даатгалын корпарици удирдаж байна

 

2016 оны тавдугаар сард олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос 21 татваргүй бүсэд байрлах 200 000 гаруй нууц компанийн  мэдээллийг ил болгосны дотор давхардсан тоогоор Монгол Улсын 100 гаруй иргэн нэр холбогдсон байдаг. Панамын баримтуудаас нэр нь ил болсон эрхмүүдийн дунд УИХ-ын гишүүнээс эхлээд өмнө нь улс төрд өндөр алба хашиж байсан олон хүний нэр холбогдож нууц хөрөнгө нь ил болсон. Тэдгээрийн дунд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Х.Бум-Эрдэнийн нэр байсан билээ. Түүнийг оффшор бүсэд 4-5 компани байгуулснаа нуусан болоод хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй гэх мэдээлэл тухайн үед тархсан.

Энэ талаарх мэдээлэл анх олон нийтэд цацагдаж эхлэх үед Х.Бум-Эрдэнэ “2007 оны асуудал. Би тухайн үед найз нартайгаа нийлэн бизнес хийх гээд компани нээж байсан. Бизнес бүтэлтэй болоогүй. Тухайн үед хятадуудтай нийлээд уул уурхай болон барилга дээр ажиллая гэж ярилцаж байсан. Цаанаасаа тавьсан болзол нь оффшор данс Хятадад нээчих гэж байсан. Ийм данстай байх нь асуудал биш л дээ. Тухайн үедээ бизнесээ хөөцөлдөж байгаад бүтээгүй. Тэр мэдээлэл явж байна. Данс нээгдээд жигтэйхэн мөнгөний гүйлгээ хийгдээд эсвэл авлигын муухай мөнгө яваад байсан зүйл байхгүй.Ер нь 2007, 2008 онд уул, уурхайн лиценз наашаа, цаашаа гээд янз бүрийн л юм болдог байсан. Манайхан оффшор дансны муу талыг нь хараад байх шиг байна. Муу, сайн аль, аль талтай. Гадныхантай хамтарч ажиллахад татварын чөлөөтэй орчин байдаг байхгүй юу. Энэ данс одоо байхгүй. Тухайн үед байгуулагдаад л өнгөрсөн” гэсэн тайлбарыг хэлж байсан.

Тэгвэл Панамын баримтуудаас харахад Х.Бум-Эрдэнэ нь “Тsayars” 2008-2012, “Gumax” 2008-2012, “Impox” 2008-2012, “Abros” 2007 гэсэн дөрвөн оффшор компанитай аж. Х.Бум-Эрдэнэ дээрх  компаниудыг байгуулсан ч үйл ажиллагааг нь явуулж чадалгүй хаасан гэж мэдэгдсэн. Тэгвэл “Тsayars”, “Gumax”, “Impox” зэрэг компаниа 2008 оны нэгдүгээр сард нээгээд 2012 онд хаасан байна. Харин “Abros” компанийг 2007 оны наймдугаар сард байгуулаад өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг нь явуулж байгаа тухай мэдээлэл бий.

Х.Бум-Эрдэнийн хувьд Санхүүгийн зохицуулах хороонд арван жил алба хашсан нэгэн. Авлигын эсрэг хуулийн дагуу Төрийн байгууллагын өндөр албан тушаалтан Хөрөнгө, орлогоо мэдүүлдэг ёстой. Харин Х.Бум-Эрдэнэ нь дэд даргаар томилогдсон цагаасаа хойш буюу 2014, 2015 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дээрх оффшор компаниудаа мэдүүлээгүй байдаг. 2015 оны ХОМ-ийг харвал,  жилийн орлого нь  41 сая төгрөг бол гэр бүлийн 2 сая төгрөг аж. Хоёр орон сууцтай бөгөөд хувийн хэвшлийн гурван барилга байгууламжтай. 18 сая төгрөгийн хоёр газартай, Монголд үйл ажиллагаа явуулдаг хувийн компанитай гэсэн байна.

Үндсэндээ мань эр оффшор компаниа нууж, хууль зөрчсөн гэсэн үг. Гэтэл мань эр хариуцлага хүлээх нь битгий хэл дарга болчихоод явж байх юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гишүүн ОУВС-тай хамтран хэрэгжүүлэхээр болсон хөтөлбөрийн талаар өөрийн байр сууриа илэрхийлэхдээ, “Оффшорчин Х.Бум-Эрдэнийг л гэхэд Төрийн банкны 70 хувийг эзэмшдэг Хадгаламжийн даатгалын корпорацийн захирлаар томилсон хоёр хүн Сангийн сайдын хоёр талд сууж байгаад ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй гээд мэдээлэл хийж байх жишээтэй. Сонгуулийн өмнө нөхцөл байдлыг мэдсээр байж амласан. Амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Тооцоо судалгаа хийдэг эдийн засагч, УИХ-д эрдэмтдээ төлөөлж байгаа хүнийхээ хувьд бодлоо хуваалцлаа” хэмээсэн юм.

Тэгэхээр оффшорын асуудалд холбогдсон Х.Бум-Эрдэнэ өнөөдөр хариуцлага хүлээхийн оронд Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал болчихоод явж байгаа аж. Мань эр ч аргагүй л хоёр төрд нүүртэй хүн бололтойдог оо.

Г.НАРАН