02.22

Х.Тэргэл: Баяр, цэнгэл, үлгэрийн ард түмэн


Хүнээсээ их малтай ч мах нь үнэтэй орон
Хөрсөн дороо баялагтай гэх ч 
Хулгайч нь л цуслах орон
Дээд тэнгэрээс заяатай гэх ч 
Сүрхий гэрэлтэх ухаантангууд үл харагдах 
Дээл л өмсчихвөл Монгол гэх
Хийсвэр нөхөд олширох 
Жилд идэх хоолыг 
Хэдхэн өдөрт идэх гэж 
Жижиг томгүй уралдан
Цагаан сардаа бэлдэнэ
Цалин хөлс нь хүрэхгүй ч 
Өр зээл тавин байж 
Өнгө зүсээрээ уралдах гэж 
Өчнөөн юм болох
Хатан ухаантайг нь магтах ч 
Шагшин харах эмс ховор 
Түмэн олон дотроос 
Түшээ гээд залчих хүн даанч цөөн
Цээжээ дэлдэн ойворголох 
Эр эмс бишгүй ч 
Цагаа тулаад тэмцвэл 
Гэртээ бүгэгсэд нь ихээ
Гар нь ардаа
Ам нь урдаа 
Нүүрээ ширлэн гуйлга гуйхаараа 
Нэгдүгээрт ордог агуу Монгол 
Олж ирсэнээ 
Дээдцүүл нь цуслаж 
Ордон гэрээ гоёх
Агуу ухаан ганцхан Монголынх 
Ард олон нь харсан ч хараагүй 
Үзсэн ч үзээгүй
Гурван сармагчны үлгэрийг 
Амьдрал юундаа хэрэгжүүлж
Баярлах цэнгэх, амарч 
Баасандаж ханадаггүй 
Баян биш баян Монгол оо бид
Утаатай, ууртай
Баахан гиншигнэсэн дуу ,шүлэгтэй 
Барилдаанч , уралдаан ч нэртэй 
Байсан газартаа уруудан шигдэхээс 
Өөд гардаггүй гайхалтайн дээд ард түмэн бид
Баярлаж ,цэнгэж үл ханах 
Бүх өдрүүд нь баясал цэнгэл 
Зүгээр л суугаад жаргах дуртай 
Үлгэрийн агуу ард түмэн
Энэ гайхамшигт хүмүүсийг 
Монгол гэдэг юмаа
Элбэг баян харагдаж л байвал 
Ирээдүй бидэнд огтхон ч падгүй 
Би үхэхээр чи үх
Тэр ирээдүйд би,чи байхгүй юм чинь 
Бодол санаа маань иймэрхүү 
Баярлахын тулд маргааш нөгөөдөр
Баяжиж л байвал устай усгүй болох
Ирээдүй цаг бидэнд хамаагүй 
Ийм л сайхан уужуу дотортой 
Тэнгэр заяат ,газар амьдралтай 
Маргааш идэх хоол үгүй ч 
Өнөөдөр л амжиж цэнгэхийг хүсэх 
Энэ хосгүй хүмүүсийг
Монголчууд гэдэг юм даа
Баярлаж цэнгэх өдөр нь 
Багадаад бусдаас баяр зээлж ирээд 
Бахдан бахдан бахардан 
Баярлан цэнгэж ууж идэж ханадаггүй 
Унтаж хэвтэж залхдаггүй 
Баян Монгол ,агуу Монгол 
Бахдаж бичих үг багадам 
Аархалт Монгол
Дэлхийн бөөрөн дээр 
Иймэрхүү маягаар
Идсэн уусан 
Цэнгэсэн жаргасан 
Ханхалзаж буй Монгол 
Хатирч буй түмэн
Гуйлагчилж олж ирсэндээ 
Гулгиж буй дээдэс
Шартсан Монгол 
Шархатсан Монгол оо
Өр тавьж 
Өтөнд идэгдэж 
Өнхөрч унасан ч 
Өглөө босоод 
Орой яаж баярлахаа бодох 
Ухаан нь дэндүү 
Монгол хүн ....
Хулганайн Тэргэл 2017