Өчигдөр сошиал ертөнцөд цагдаагийн нэгэн офицерийн архины талаар бичсэн сэтгэгдэл олон хүнийг эмзэглүүлсэн. Тэрбээр шөнөдөө Улаанбаатарын баар, цэнгээний газрууд залуусаар дүүрч, согтуу эцэг, эх дээрээ очихоос айсандаа цагдаагийн газарт хоног төөрүүлж буй хүүхдүүдийн талаар цаашлаад эмзэг давхаргынхан архинд живчихснийг сэтгэл эмзэглүүлэн бичсэн.
Тэгвэл өнөөдөр “Рояал кастель” хотхоны 12 давхраас унаж нас барсан залуутай хамт байсан хүмүүс мансуурсан байсныг нь шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс тогтоосон талаар мэдээлэл ил боллоо. Нас барсан эрэгтэй нь олны танил жүжигчний хүү байсан бөгөөд талийгаачтай хамт мөн л олны танил эрхмүүдийн эрх танхи хүүхдүүд байсан гэдгийг тухайн үед цагдаагийнхан мэдээлж байв. Хар тамхи бол тахал. Энэхүү тахлыг оруулж ирдэг наймаачид нь боломжтой айлын хүүхдүүдийг хэрэглэгчээрээ сонгодог бөгөөд үнэ өртөг нь ч өндөр учир ядууст энэ тахал хүртээлгүй. Архиндаа живж байвал барав гэж ярилцдаг гэж байгаа.

Надад нэг танил маань хар тамхи хэмээх тахлын талаарх өөрт нь тохиолдсон бодит явдлыг ярьж өгснийг товч сийрүүлье. Тэр хүний хүү нь Өмнөд Солонгост ажил хийдэг. Хүүдээ ганц захидаг зүйл нь “Муу зуршилд автаж, хар тамхи хэрэлэв”. Учир нь түүний нэгэн танилын хүүхэд нь монголдоо атлаа хар тамхинд донтож, өдөрт 300 мянган төгрөгөөр өөртөө тахал худалдан авдаг гэх. Ээж нь Нарантуул дээр наймаа хийдэг бөгөөд тухайн айлынх дансандаа цуглуулсан хэдэн төгрөгтэй байж. Харамсалтай нь айлын эрх хүү тэрхүү мөнгийг нь дээрх байдлаар үрэн таран хийсэн. Одоо ээж нь түүнээс нь ч үнэтэй эмчилгээнд хүүгээ явуулж, амийг нь аврахын тулд бүхнийг хийж байгаа ч тусыг эс олжээ. Энэ бол ердөө л нэг жишээ төдий зүйл.
Улс төрийн хүрээнийхэн хийгээд урлаг соёл цаашлаад спортын алдартангууд ч энэхүү муу зуршилд автчихсан, донтчихсон олон тохиолдол монголд бүртгэлтэй. Ялангуяа урлагийнхан хар тамхи борлуулсан нь ил болж, хэд хэдэн удаа шүүх хурлаар орсон тохиолдлыг олон түмэн мартаагүй байх.
Ядуус нь архинд живж, баячууд нь хар тамхинд донтсон Монгол минь, хэдий болтол оршин тогтнох бол гэсэн сэрдхийсэн бодол төрөх нь аюулын дохио биз ээ. Тиймээс хүүхэд, залуус минь өөрсдийнхөө төлөө, ар гэрийнхнийхээ цаашлаад ирээдүй хойчийнхоо төлөө дор бүрнээ хичээж, эх орноо оршин тогтноход нь бага ч атугай хувь нэмрээ оруулаач гэж гуйя. Та бүхэн л өөрсдөө хичээхгүй бол хэн ч таны өмнөөс амьдрахгүй шүү дээ.
У.Жанцан
Эх сурвалж: www.tsenzurgui.mn