03.17

БХБЯ, Монголын барилгын үндэсний ассоциацитай хамтран ажиллана


БХБЯ, Монголын барилгын үндэсний ассоциацитай хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр  Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Байгуулагдаад арваад жилийн нүүр үзэж, энэ хугацаанд салбарын компаниудынхаа эрх ашиг, эв нэгдлийн төлөө идэвхтэй ажиллаж ирсэн Монголын барилгын үндэсний ассоциацитай нягт хамтран ажиллах болно. Мэргэжлийн Засгийн газрын зүгээс энэ салбарт хийх ажил, тулгамдсан асуудал их байна. Юуны өмнө гэр хорооллын дахин төлөвлөлт, гэр хорооллын дэд бүтцийн бүтээн байгуулалт болон холбогдох хуулийн хэрэгжилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд үндэсний үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний бүтээн байгуулагчидтайгаа хамтран ажиллах, төрийн зарим чиг үүргийг шилжүүлэх талаар хуульд тусгасны дагуу тус ассоциацид тулгуурлан хамтрах болно. Эдийн засгийн амаргүй үед, үүсч болзошгүй нөхцөл байдалтай хамтдаа тэмцэж, салбарынхаа хөгжил дэвшил, бизнесийн амжилтын төлөө салбарын яамтайгаа идэвх, санаачилгатай хамтран ажиллана гэдэгт итгэж байна.” гэлээ.

Мөн Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд “Барилгын салбарын хууль эрх зүйн орчин цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор өөрчлөгдөж буй энэ цаг үед Монголын барилгын үндэсний ассоциацийн зүгээс салбарын яамтайгаа нягт хамтран ажиллах болно. Мэргэжлийн Засгийн газар мэргэжлийн чадварлаг багаар ажиллах болсон төдийгүй төрийн зарим эрх үүргийг Төрийн бус байгууллагад шилжүүлэх талаар холбогдох хуульд тусган ажиллах болсон нь төр, хувийн хэвшлийн байгууллагын харилцааг сайжруулах зөв алхам болсон гэж энэ салбарт бизнес эрхлэгчид талархалтай хүлээн авч байгааг уламжилъя” гэсэн юм.