Эр хүн таны хүслийн гал асаж байж, эмэгтэйчүүд бид үр хүүхэд тээдэг ээ. Эр хүн таны хайр сэтгэлийн гал бадарваас эмэгтэй хүн ханьтай, бяцхан үр аавтай болдог оо. Эр хүн таны итгэлийн гал цацарваас тэр айл эр хүн хэмээх сайхан уулын нөмөрт амар тайван аж төрж, өөдлөн дэвждэг билээ л.
Миний аав цэргийн байгууллагад ажилладаг эдийн засагч мэргэжилтэй хүн байлаа. Тиймээс би багаасаа цэргийн баярыг тохиолдуулан "донсолдог" хүүхэд байж билээ. Аавдаа зориулж бид дөрөв өөрсдийн гараар модон дээр түлдэг үзгээр зураг зурж бэлэглэх гэж хөөрцөглөж байсан минь санаанд үлджээ.
Би айлын том охин байсан болохоор аавынхаа цэргийн цамцыг угаах үүрэгтэй. Хэчнээн дургүй байсан ч амьдралд хийх ёстой юм гэж байдгийг бяцхан гараа зулгартал цэргийн ногоон цамц угааж, бас өмдийг нь индүүднэ болоогүй ээ, гэхдээ хэчнээн хичээгээд ч хааяа хоёр индүүдлэг гаргачихдаг байсан тэр цагаас мэдэрч билээ. Тэглээ гээд "аав" минь надад уурлаж сүйд болж байгаагүй ээ.
Амьдрал дагаж том хүн болсноос хойш цэргийн баярыг тэгтэл тэмдэглэж байсангүй. Аавдаа хаа нэг дуртай шоколадыг нь өгөхөөс хэтэрсэнгүй уджээ. Ямар ч байсан Монголын маань эрчүүд та нар минь яг үнэндээ ямар ч харийн эрчүүдтэй харьцуулашгүй тийм мундаг шүү гэж хэлмээр байна.
Америк эр хүн крант нь бөглөрч цонх нь хагархад заавал засварчин дууддаг бол захын Монгол эр хүн бүгдийг өөрөө л хийчихдэг гээд магтаал, бахархал зөндөөн байна.
Та нар минь үгүй бол хүүхнүүд бид хэндээ зориулж гоёж гоодож, цэцэг навч шиг дэлгэрэхсэн билээ л. Монгол орныхоо хойморт налайх эрчүүд та нарын минь ухаан улам хурц, ашид мандан гийж, эх орон гэр бүл, үр хүүхдүүдээ уул мэт нөмөрлөн явхын өлзийтэй ерөөлийг өргөн барьяа. Монгол эрчүүд мандтугай.Өдрөөс өдөрт тэлэн томорч нэгдэж буй энэ дэлхийд дахиад би эргэн төрж гэмээнэ ч Монгол эр хүн чамаар гоёж, монгол эрийн галыг асааж, цайг нь чанахыг хүснэ.
Миний Монголын эрчүүд та нар минь уул мэт нөмөртэй, ус мэт тогтуун, салхи мэт шаламгай билээ л. Цэргийн алба хаасан хаагаагүй бүх эрчүүд та нартаа болон бяцхан хөвгүүддээ, бас цэргийн байгууллагад ажиллаж байгаа, байсан бүх бүсгүйчүүддээ цэргийн баярын мэндийг хүргэж байна.
Мөн энэ биений минь тал болж хүмүүний амьдралд намайг хайрлаж хамгаалж, түшиж яваа хайрт ханьдаа болон намайг тоож ирсэн голомт залгах хайрт хүүдээ бас баярын мэндийг хүргэж хамгаас ихээр хайртай шүү гэж хэлье. Дахин дахиад хэлье. Монгол эрчүүд та нар минь хамгийн мундаг нь.
Яруу найрагч Хулганайн Тэргэл 2015. Чикаго хот