04.30

Үүл буудаж бороо орууллаа

Цаг уур, орчны шинжилгээний газрын Цаг агаарт зориудаар нөлөөлөх албаныхан үйл ажиллагаагаа идэвхижүүлжээ.

Тодруулбал, Төв аймгийн хоёр экспедиц энэ сарын 29-нд Сэргэлэн сумаас баруун урагш үүл тосч нөлөөлөл үзүүлснээр зүүн талын сумдууд болон Улаанбаатар хот орчмоор 2.0-7.0 мм бороо орууллаа.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөө өглөө Хэнтий аймагт үүлэнд нэг удаа нөлөөлөл үзүүлснээр  Өмнөдэлгэр, Биндэр, Батноров, Цэнхэрмандал сумдын нутгаар 1.0-5.0 мм бороо оржээ. Энэ ажлын үр дүнд Өмнөдэлгэр сумын нутагт яг одоо бороо үргэлжлэн орж байна.

Харин Хэнтий аймгийн гурван  экспедиц Жаргалтхаан, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр сумын зааг, Баянмөнх, түймрийн голомт бүхий Баян-Адарга, Дадал, Норовлингийн чиглэлд үүл угтаж гараад ажиллагаа явуулахад бэлэн байдалд байгаа аж. 

Мөн түймрийн гамшиг хамгийн ихээр нүүрлээд буй Хэнтийн Дадал, Норовлин, Дорнодын Баян-Уул сумын нутагт 2-3 экспедиц очоод үүл хүлээж байгаа аж.