Өнөөдөр Монголд “10 мянган төгрөг хулгайлсан хүү 10 жилийн ял авч, авлигачид нь өршөөгддөг” жишиг тогтчихжээ гээд хэлчихвэл дэгсдүүлсэн болохгүй л болов уу. Хамгийн сүүлд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэх Г.Дэнзэнгийн хэргийг жишээ болгож авч үзэж болох юм. Г.Дэнзэнг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ компанид тендер олгосон хэрэгт анх сэжиглэж байв. Улмаар түүнийг шалгах явцад мань эр “Би буруугүй” хэмээн хилийн чанадаас захидал бичиж бөөн юм болоогүй юу.
Гэтэл ямартай ч Монгол Улсын шүүх түүний гэм буруутайг тогтоолоо. Тодруулбал, Г.Дэнзэнг давтан үйлдлээр бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, ААНБ-ын өмчийг завшсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг удирдан зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, нийтдээ 9 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн ч, шүүгдэгч Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар тус бүрт оногдуулсан нэмэгдэл болон үндсэн ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүллээ.
Ийнхүү Г.Дэнзэн 3 жил 6 сарын ял эдлэхээр болсон юм. Тэгвэл үүнээс хоригдож шалгагдсан хугацаагаа хасахаар суугаад гарах хугацаа нь улам богиносож байгаа юм. За тэгээд, цаашлаад хоёр шатн шүүх дамжихаар энэ ял бүр л багасч, хэдхэн сар суугаад гарах биз. Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 510 дугаар зүйлийн 510,1-д зааснаар шүүгдэгч Г.Дэнзэнгээс 137,116,300 төгрөг гаргуулж Сангийн яаманд, 5,535,164,509 төгрөгийг Г.Дэнзэн, Д.Баярмаа нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Эрдэнэс таван толгой ХК-д олгохоор шүүх шийдвэрлэсэн байна. Тэгэхээр “Говь повер” компанийн тендерт Г.Дэнзэн нөлөөлснийг шүүх тогтоожээ.
Дашрамд дурдахад, Г.Дэнзэнг шалгах явцад түүний гэрт нэгжлэг хийсэн бөгөөд ажлын өрөөнийх нь сэйфийг өөрөөр нь онгойлгуулж, шалгахад 100 ширхгээр боосон гурван боодол 50 евро, есөн ширхэг 500 евро, 100 ширхгээр боосон 20 мянгатын дэвсгэр нэг боодол, гурван ширхэг 100 ам.доллар байсныг хураан авсан байна. Монгол мөнгөөр ойролцоогоор 49 сая 400 мянган төгрөгтэй дүйцэхүйц валютыг хураан авсан талаар прокурор танилцуулсан байдаг.
Үндсэндээ хүргэн Г.Дэнзэн улсад хохирол учруулсан нь шүүхээр тогтоогдсон ч хэдхэн сар суугаад гараад ирэх нь. Үүнтэй адилаар авлигатай холбоотой дуулиант хэргүүд ч энэ мэтээр шийдэгддэг болоод байгаа юм. “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой ял сонссон Л.Гансүхийн ялын хугацаа дуусч байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-ын байцаалтад дуудагдаж байгаа ч дээрх шиг ёс төдий зүйл л болох биз гэх нэгэн ч байна. Түүнчлэн АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг цагдан хорьсон.
Гэтэл мань хоёр “үхэж хатлаа” гэсээр эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гараад байгаа юм. Харин хоригдохдоо өвдсөн бие нь батлан даалтад гарангуутаа зүгээр болоод сонгуульдаад явчихсан гэж байгаа. Энэ янзаараа мань хоёр ч мөн л тэгс ингэсгээд хэрэг нь дуусах биз. Улсын мөнгөөр “тансаглачихаад” хэдхэн сар суугаад л өнгөрдөг энэ буруу жишгийг халбал уг нь зүгээр л баймаар юм.
Г.НАРАН