Шавартай зууралдан, тоосготой барилдан
Шавхартлаа ажиллахад цэмцгэр дарга
Шалтаг хэлж цалингаас хасахад
Шаналан урвайх ажилчны царай
Үдшээр мөнгөө гамнаад
Алхсаар гэртээ ирэхдээ
Үүднийхээ түцнээс чихэр аваад
Өвөртөлж зогсох эцгийн царай
Эртхэн ирэхгүй яагаав гэх
Хартай үгний хариуд
Эвэршсэн алгаараа дал мөрийг нь
Энхрийлэн илбэх нөхрийн царай
Хүйтнээр ширтэх хадмынхаа нүдэнд
Буруутан болж харагдаад
Хөрсөн хоол аягалан өгөхөд нь
Дуугүй л хүртэх хүргэний царай
Гэрэл унтрахад эхнэрээ тэмтэрвэл
Гэмтэн болгож уцаартай түлхэнэ
Хүмүүс унтахыг хүлээсээр тасрах
Хүсэл хоригдсон эрийн царай
Утас жингэнэхэд сэрээд автал
Уйлагнан ярих дүүгийнх нь хоолой
Согтуу нөхрийнх нь ээлжит авирыг
Сонсон хэвтэх ахын царай
Гуниг гэдэг ердөө л
Гурван настай хүүгийн минь инээмсгэлэл
Аав ээж хоёрыгоо маргалдахад
Асгаруулан уйлдаг охины минь ертөнц
Гуниг гэдэг ердөө л
Гуйгаад ирдэггүй ижийн минь инээмсгэлэл
Хайрт ханиа ширүүхэн зандрахад
Хадам дүүгийн хувьс хийх царай
Гуниг гэдэг ердөө л
Миний амьдрал …
Эрдэм сурах тэнхэлгүй
Эрхлэж өссөний минь гай
Хэлээд байхад ойлгоогүй
Хэгжүүн явсны минь төлөөс …
Б.МӨНХ-ОРГИЛ
2017.04.10-нд