Оффшор бүсэд данс нээлгэсэн хүмүүсийг хүчтэй эсэргүүцэх болсон. Ялангуяа төр засагт, төрийн албанд ажиллаж буй нөхдүүд татваргүй бүсэд хөрөнгөө нууж байгааг шүүмжилж байна. Энэ нь ч зөв. УИХ-д ч лобби бүлэг байгуулагдаж, оффшорын эсрэг хуулийн төслийг батлуулж чадсан. АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлдэг 37942 төрийн албан хаагчид болон тэдний эцэг, эх, гэр бүл, хамаатан садан нэгдмэл сонирхолтой этгээдүүд оффшор бүсэд данс эзэмшиж болохгүй хэмээн тусгаж, баталсан. Хуулийн төслийг анх өргөн барьж байснаас нь огт өөр хувилбараар баталсаныг нь эсэргүүцэх гишүүд байгаа ч, лобби бүлгийнхэн улстөржиж, ийн батлуулж чадсаны ард нь ноён Ерөнхийлөгч байгаа сурагтай.
УИХ дахь лобби бүлэг хуулийн төслийг өөрчилж батлуулж чадсан хэдий ч Төрийн ордны гадна оффшорчдыг эсэргүүцэгчид жагссаар байгаа. Тэд оффшор бүсэд нуусан хөрөнгийг Монгол руу оруулж ирэх ёстой гэдэг зүйл ярьж жагссан. Гэвч энэ жагсаалын чиглэл өөрчлөгдөж, татвар төлөх үүрэгтэй иргэд, аж ахуйн нэгжүүд татвар төлөхгүй тухай яриад эхэлж. Амралтын өдрүүдэд “Тэди” төвд үйл ажиллагаа явуулдаг иргэд, бизнесийнхэн жагсаалд оролцсон байгаа юм. Тэд ярихдаа улсад НӨАТ төлөхгүй гэж байх аж. Угтаа бол татваргүй бүсэд хөрөнгөө нуусан этгээдүүдийн тухай, тэднийг эсэргүүцэж жагсаж байгаа бус уу. Гэтэл татвар төлөхгүй хэмээн өөрсдийн эрх ашгийн талаар яриад эхэлж.
Ийнхүү оффшор бүсийг эсэргүүцэж, тэнд данс нээлгэж, хөрөнгөө нуусан хүмүүсийг ил болгож, жагсаж байгаа нь улс төрийн нөлөөтэй толинд автсан юм биш биз. Үүний цаана ноён Ерөнхийлөгч байгаа гэх сураг ажиг нь үнэн бол эрх баригчдыг үүгээр нь боомилж, судсыг нь атгах төлөвлөгөө юм биш биз. Энэ бүгд нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай шууд бус аргаар холбогдож байгаа юм болов уу гээд олон асуулт урган гарч байна. Ноён Ерөнхийлөгч тус үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд нь үлдээх сонирхолтой. Өөрөөр хэлбэл, 49 хувийг Худалдаа хөгжлийн банкныхан эзэмшиж байгаа. Тус банкинд ноён Ерөнхийлөгч хувьцаа эзэмшдэг гээд хөөвөл байж болох л хувилбар харагдаад байна. МАН-ын гишүүд оффшор бүсэд данс нээж, олон гишүүнийх нь нэр ус бичигдсэн. Энэ нь тэдний хувьд сул тал болоод байгаа учир ийнхүү оффшор бүсийг эсэргүүцэгчдийн жагсаал олны анхаарал дунд буй нь энэ бололтой.
М.Төр
Эх сурвалж: www.tsenzurgui.mn