УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өрөөг солих албан тоот хүргүүлсэн байна. Учир нь тэрбээр нам, эвслийн бүлэг, Байнгын хорооны дарга болон олон удаа сонгогдсон ахмад гишүүд дамжиж ордог тасалгаатай өрөөнд суудаг учраас түүний өрөөг солихоор болсон аж. Өөрөөр хэлбэл, түүний байрлаж байсан өрөөнд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг оруулахаар болсон байна. Гэтэл О.Баасанхүү гишүүн өрөөг нь сольсныг эсэргүүцэж, "Намайг өрөөнөөс маань хөөлөө" хэмээн хэвлэлийн бага хурал хийж сүржигнээд амжив. Түүнд уг нь өрөөг нь солих талаар УИХ-ын Тамгын газраас урьдчилан мэдэгдсэн байна. Гэсэн ч мань эр шинэ өрөөндөө орохгүй гэдийж, Төрийн ордны хонгилд ширээгээ засаад зогсохгүй Сүхбаатарын талбайд гэр барина хэмээн хотын даргаас зөвшөөрөл хүсч албан бичиг чулуудаад амжжээ. Ийнхүү хаврын чуулгантай зэрэгцэн О.Баасанхүү гишүүний "попролт" эхэлсэн бололтой.