УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын гаргасан саналтай холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эсэргүүцэл илэрхийлж буй. Тодруулбал, тэрбээр Зөрчлийн тухай хуульд олон нийтийн сүлжээ болон мэдээллийн хэрэгслээр хэн нэгнийг гүтгэсэн бол иргэн 10 сая, албан байгууллага 100 сая төгрөгийн торгууль төлөхөөр заалтыг оруулсан юм.
Түүний оруулсан уг саналыг телевизүүд өчигдөр оройн мэдээний оргил цагаараа /20:00-21:00 цагт/ “Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа” хэмээх бичиг гаргаж, гамшгийн аюулын дохио дуугаргав. Монголын Телевизүүдийн Холбооны 16 телевиз, сонин, сайтууд нэгдэж УИХ-аар өнөөдөр хэлэлцэх гэж буй Зөрчлийн тухай хуулийн нэгэн заалтыг эсэргүүцэж байгаа юм.
Гэхдээ хэвлэл мэдээллийнхний эсэргүүцэлтэй тулгарсан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав өчигдөр 22.00 цагийн үед гаргасан саналаа татаж буйгаа мэдэгдсэн юм.
Ингэснээр Зөрчлийн тухай хуулийн гүтгэх заалт Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэдгээрээ хэвээр үлдэх боломжтой болж байна. Гэхдээ хуулийг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна.
Б.Анир