Ялалтын 70 жилийн ойд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын захиалгаар бүтээсэн түүхэн баримтат кино телевизийн дэлгэцэд гаргахад бэлэн болжээ. “Монголия была первой” нэртэй түүхэн баримтат киноны зохиолыг Г.Денисов, Ю.Кручкин, В.Майборода нар бичиж, найруулагч, зураглаачаар А.Коваленко ажиллажээ. Баримтат киног ОХУ-ын Зүүн Азийн академийн “Восток” студид эвлүүлж, Санкт-Петербург, Улаанбаатар хотод зураг авсан байна.
Уг кинонд дэлхийн II дайн эхэлснийг зарласнаас ганцхан цагийн дараа Бүгд Найрамдах Монгол Ард Улс дайны цагийн байдалд шилжиж, Зөвлөлт Холбоот Улсад тусламжийн гараа сунган анхны холбоотон болсон талаар архивын түүхэн баримт бичгүүд, гэрэл зураг, ахмад дайчид, тухайн цаг үеийг сайн мэдэх хүмүүс, түүхчдийн дурсамж яриагаар тодруулан өгүүлдэг. Баримтат кинонд ЗХУ-д оюутан байхдаа сайн дураараа цэрэгт мордож, баруун фронтод гурван жил байлдсан ахмад дайчин, бэлтгэл хурандаа Ц.Алтангэрэл болон дайны жилүүдийн дурсамжийг сэтгэлдээ тээж яваа палеонтологич, академич Р.Барсболд, геологийн шинжлэх ухааны доктор О.Гэрэл нарын яриа, Цэргийн түүхийн төвийн захирал хурандаа С.Ганболдын тайлбарыг оруулснаараа ач холбогдолтой юм. Мөн монголчууд фронтод агт морь, хоол хүнс, хөрөнгө мөнгө, дулаан хувцсаар тусалж байснаас гадна Монголд амьдарч байсан орос иргэд дайнд мордож, алтан амиа зориулсныг энд харуулжээ.