2015-2016 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид суралцах хүүхдүүдийг нийслэлд энэ сарын 15 хүртэл бүртгэнэ. Бүртгэл өнгөрсөн сарын 27-нд эхэлсэн бөгөөд 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс 2009 оны арванхоёрдугаар сарын 31-ны хооронд төрсөн бүх хүүхэд хамрагдах юм байна. Мөн ямар нэгэн шалтгаанаар өмнө нь сургуульд суралцаагүй хүүхдүүд Боловсролын хэлтсээс лавлагаа авсны үндсэн дээр харьяа сургуульдаа бүртгүүлэн суралцах боломжтой ажээ.
Хүүхдээ бүртгүүлэхдээ эцэг эх, асран хамгаалагч нь өөрийн биеэр очих бөгөөд хүүхдийнхээ төрсний гэрчилгээний болон өөрсдийнхөө цахим үнэмлэхний эх хувь болон хуулбараас гадна цээж зургийг нь авч очих шаардлагатай юм байна. Түүнчлэн хэрэгтэй гэж үзвэл байрны оршин суух гэрээ болон эцэг, эхчүүдийн хурууны хээ бүхий Иргэний бүртгэл мэдээллийн лавлагааг үзэх гэнэ.
Оршин суугаа байрлалаас хамаарч аль сургуульд хүүхдүүдийг бүртгэх тухай “ЕБС-иудын хамран сургах тойрог” гарсан байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл www.edub.edu.mn цахим хуудаст байршжээ.